“Сум бүрд ₮5 саяар морины сэрвээ хэмжигч төхөөрөмжийг худалдан авч, нийлүүлэхээр судалж байна”

2022-05-20

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг зүйтэй гэж үзлээ.  Гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монгол морины стандартад нийцсэн зургаан насны ангиллаар уралдаан зохион байгуулна гэж байна. Одоо Монгол морины стандарт гэж баталсан зүйл байгаа юу. Энэ маш их маргаан дагуулсан асуудал. Монгол морины стандартыг яаж тогтоох вэ. Зөвхөн сэрвээний өндрөөр хэмжих үү. Ингэж тодорхой бус байлгаж байхаар зөвхөн Монгол адуу, эсвэл зөвхөн эрлийз морьдыг уралдуулна гэж зааж болохгүй юу.

Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Бид энэ хуулийн төслийг нэлээд олон мэргэжлийн холбоодоос авсан саналд үндэслэн боловсруулсан.

Монгол морины тухайд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа гурван стандарт байгаа. Нэгдүгээрт үүлдэрлэг байдал, хоёрдугаарт, сэрвээний өндөр, гуравдугаарт, өмнөх хоёрыг нэгтгэсэн стандарт.

Хамгийн сүүлд өнгөрсөн онд Үндэсний баяр наадам зохион байгуулсан комисс Монгол морины өндрийн стандартаар уралдуулна гэдэг стандарт тогтоогоод даагыг 127 см-ээс илүүгүй, их нас, соёолонг 141 см-ээс илүүгүй байхаар тогтсон.

Өнөөдөр манай улсад адууны цусны геномын дарааллыг тогтоосон стандарт алга. Тиймээс энэ хуулиар монгол адууны геномын дарааллыг тогтоохыг үүрэгжүүлсэн. Ингэж тодорхой болох хүртэл өндрийн стандартаар нь тооцож уралдуулдаг журмаар явна.

Бид биологийн шинжлэх ухааны салбарынхантай уулзахад Монгол морины геномын дарааллыг тогтоохын тулд бүх газар орноос Монгол адууны цусны дээжийг цуглуулж, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсний дараа тодорхой болох юм билээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монголд адуу ч өндөр сэрвээтэй байдаг. Тиймээс хуульд зөвхөн Монгол морь уралдуулна гээд заачих хэрэгтэй. 1, 2 дугаар үеийн эрлийз адуу нь тусдаа уралддаг байхаар зохицуулахгүй бол болохгүй.

Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энэ нь 50 хувьтай эрлийз, тэр нь 25 хувьтай эрлийз адуу гэдгийг яг хэн тогтоох вэ. Үүнийг мэдэх аргагүй учраас арга буюу сэрвээний өндрөөр уралдуулъя гэж байгаа юм.

Эсвэл Монгол адууны генийн бүтцийг тодорхой болгож байж уралдуулъя гэж байгаа бол хоёр жил Улсын наадамд морь уралдуулахгүй хүлээж болох юм.

Үргэлжлүүлэн Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Наадмыг нэг өдөр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд аймгуудын наадмын өдрийг өөрчлөх эрхийг Засгийн газарт үлдээсэн байгаа. Нийтээрээ зэрэг наадая, зарим бөхчүүд өөр аймгийн наадмыг очиж будлиантуулаад байна. Сумдын наадмыг долдугаар сарын 10-нд эхлээд 11-нд дуусдаг, улсын наадмыг долдугаар сарын 11-нд эхлээд 12-нд дуусдаг байхаар тусгасан. Тэр жил нь ган гачигтай байвал тухайн аймгийн баяр наадмыг нааш цааш нь хөдөлгөж болно.

Морины сэрвээ хэмждэг Герман брэндийн лазер метр, БНСУ, АНУ-д үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүд байна. Улс, бүсийн наамдуудыг суурин лазер метрээр, сумдуудад арай хямд буюу 5 саяын балкметр төхөөрөмжийг авч, нийлүүлэхээр судлаад байна. Хууль батлагдвал баяр наадмыг зохион байгуулах комисс энэ төхөөрөмжүүдийг татан авч, нийлүүлэх боломжтой гэж ойлгосон” гэлээ.

Холбоотой мэдээ