
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдөр УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
Хуулийн төсөлд “31.12.Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэсэн заалтыг нэмж тусгахаар тусгасныг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
Ардчилсан намын бүлгийн дарга ямар ч эрх ямба эдэлдэггүй гэдгийг хэлмээр байна. Монголчуудын төлөө зүтгэх цорын ганц улс төрийн хүчин бол АН. Шүүхэд нөлөөлж болохгүй. Нэг хүнийг албан тушаалд хүргэхгүй бол зулын гал болно хэмээн Улсын дээд шүүхийн гадаа жагсаж байна. Эрх баригчид энэ асуудлыг даруй шалгах хэрэгтэй.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
Ийм хуулийг хэлэлцээд сууж байдаг УИХ гэж байхгүй тул наад явуургүй ухуулгаа боль.
АН-ын дарга М.Тулгат:
Х.Баттулгыг бүртгэх ямар ч боломж байхгүй. Хууль ёсны гээд байгаа сунгаа нь дүрмийн маш олон зөрчилтэй, ганцхан нэр дэвшигч өөрөө өөртэйгөө өрсөлдсөн. Монгол Улс өнөөдөр Х.Баттулга гэдэг эрх хүүхэдтэй болчихлоо. Энэ хүнийг гурван сая иргэн, төр эрхлүүлэх албагүй. Ерөнхийлөгчөөсөө буугаад нэг жил болоогүй байхдаа намын дарга болно гээд байж байгаа нь санаанд багтахгүй байна. Хөгжлийн банкны, төмөр замын, хууль шүүхийг дарамталдаг асуудлууд нь яригдаж байна, энэ асуудлуудаа эхлээд шийд л дээ. Яасан их даргын амбицтай юм.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Маргааш болох шүүхийн хуралдаанаар Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Х.Баттулга АН-ыг төлөөлөх, тус намын үзэл баримтлалыг төлөөлөх ямар ч эрхгүй. Яагаад гэвэл тэр хүн намын үзэл баримтлалаасаа урвасан. Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох асуудлыг 2020 онд гаргаж тавьсан. Х.Баттулга шүүх хараат бус байх үзлийг уландаа гишгэсэн. Путины үзэл баримтлалыг дэлгэрүүлэгч. Үзэл баримтлалаасаа урвасан хүнийг Дээд шүүх бүртгэхгүй. Хэрэв шүүх түүнийг бүртгэвэл Үндсэн хуулийн хямрал үүснэ.