
АНУ-ын армийнхан хууль тогтоогчдод үл мэдэгдэх нисдэг биетүүдийн дүрс бичлэгийг үзүүлжээ. Өчигдөр буюу 5-р сарын 17-ны өдөр сүүлийн хэдэн арван жилд анх удаа Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх нээлттэй сонсгол зохион байгуулагдсан нь энэ аж. Пентагоны албаны хүмүүс харь гаригийн амьдралтай холбоотой ямар ч зүйлийг нуухгүй гэдгээ Конгрессын гишүүдэд баталжээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тагнуулын дэд захирал Скотт Брей хоёр видео үзүүлсэн байна. Түүний тайлбарласнаар уг бичлэгт “Гурвалжин юм шиг харагддаг, зарим нь анивчдаг” дүрсийг харуулсан байна. Эдгээр зураг авалтын үеэр нэг хэсэгт нь арилжааны нисгэгчгүй онгоцууд харагдсан нь тогтоогдсон. “Бидний ажиглаж буй бүх зүйлийн мөн чанарыг тогтоож чадна гэж би хэлэхгүй ч энэ нь бидний харж буй зүйлийг ойлгоход хангалттай хүчин чармайлт шаардагддагийн гайхалтай жишээ юм” гэж Скотт Брей тайлбарлажээ.
АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын асуудал эрхэлсэн дэд сайд Рональд Малтри энэ сонсголын үеэр хэлэхдээ, өөр газар амьдрал хайж байгаа байгууллагуудын үүрэг бол “хэрэв бид ямар нэгэн зүйл олж мэдэх юм бол түүнийг нуух ёсгүй”. Даалгавар бол цааш юу байж болохыг ойлгох, хэрэв батлан хамгаалах үүднээс үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн дүгнэлт, үр дагавар гарах юм бол энэ нь бидний хувьд юу гэсэн үг болохыг судлах” явдал гэж хэлжээ
АНУ-ын Үндэсний тагнуулын албанаас 2021 оны дунд үед гаргасан тайланд дурдсанаар, АНУ-ын тагнуулын агентлагууд өмнө нь АНУ-ын армийнхны үзэж байсан Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн гарал үүслийн мөн чанарыг яг таг тайлбарлаж чадахгүй байгаа аж. 2004-2021 онд АНУ-д нийтдээ 144 Үл мэдэгдэх нисдэг биет бүртгэгдсэний 80 нь хэд хэдэн мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар бүртгэгдсэн байна.