Ч.Хүрэлбаатар: Б.Лхагвасүрэн УИХ-ын ЭЗБХ, ажлын хэсэгт түй май гэж, салаавч өгч байна. Яасан их эрх мэдэл, бяртай байна аа

2022-05-17

Эдийн засгийн байнгын хорооны /ЭЗБХ/ хуралдаан болж байна. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Монголбанкийг ажлаа муу хийж байгаа талаар шүүмжиллээ.

Ч.Хүрэлбаатар “Яагаад банкуудын EQR-ийг бэлдүүлээгүй юм бэ. Олон улсын валютын сангийн шаардлагаар хойшлуулж байгаа гэдэг тайлбарыг хэлж байна. Олон улсын валютын сан  та нарыг энэ хуулийн хугацаанд нь багтааж хувьцаа заруулахын тулд EQR-ийг хийлгэсэн байх ёстой. Монголбанк ажлаа хийгээгүй байж байгаад үндсэндээ хойшлуулж байгаа гэж ойлгож байна.

Банкны хувьцааг гаргаж олон нийтэд санал болгохын өмнө банк ямар байгааг хүмүүс мэдэхгүй байгаа. Хулхидаад муу банкуудын хувьцааг авах эрсдэл үүсч байна. Тиймээс EQR-ийг та нар урьдчилаад хийлгэсэн байх ёстой байсан. Б.Лхагвасүрэн ажлаа хийгээгүй. Тэгээд УИХ-д орж ирж хугацаа хойшлуулж өг гэдэг юм ярьж байна. Дэндүү хариуцлагагүй байна.

Хоёрдугаарт, “Хаан” банкны хувьцаатай холбоотой асуулт бий. “Мета” компани Худалдаа хөгжлийн банкны хооронд гэрээ байгуулагдсан уу, гэрээ бий юу гэдгийг асууж өг гэж зөндөө хандсан. Та нар тайлбар өгөхгүй явсаар зөвшөөрлийг нь өгсөн гэж ойлгосон. “Мета”-ийн бичиг надад байна. “Мета” бол гэрээний тухай юу ч яриагүй байна лээ. Харин Худалдаа хөгжлийн банктай ямар нэгэн гүйлгээ мөнгө шилжүүлсэн зүйл байхгүйг хэлсэн. Ийм байхад та нар яагаад зөвшөөрлийг нь өгчихдөг юм.

Б.Лхагвасүрэн чи саналаараа ажлаасаа татгалзсан дээр. Чи 3.4 сая хүний амьдралыг там болгож байна. Бизнесийн аж ахуйн нэгж, компаниудад ам.доллар олдохгүй, хулгай хийж, хууль зөрчиж, мөнгө угаах үйл ажиллагаанд оролцож байна. Ингэж болохгүй.

ЭЗБХ хийх гээд мэдээлэл хүсч байхад мэдээллийг нь өгөхгүй байлгаж байгаад сая зөвшөөрлийг нь өгчихсөн. Энэ бол хууль зөрсөн үйл ажиллагаа шүү Б.Лхагвасүрээн. УИХ-ын ЭЗБХ, ажлын хэсэгт түй май гэж, салаавч өгч байна. Яасан их эрх мэдэл, бяртай байна аа. Болж байна гэж бодож байна уу” гэлээ.

Холбоотой мэдээ