У.Хүрэлсүх: Хоёр хөршдөө хүнсээр туслая

2022-05-16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь хаврын тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочдын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр энэ үеэр “Хөрсөө хамгаалж байж хүнстэй байна. Цаашдаа бид хүнс экспортлогч орон болох зорилготой. Долоон тэрбум хүний 1.6 тэрбум нь монголыг тойрон амьдарч байна. Хоёр хөрш улсын хүн ам нэмэгдэж байна, хүнсний хэрэгцээ шаардлага байна. Зөвхөн уул уурхайн баялагаар бус газар тариалан, МАА-н бүтээгдэхүүнээ хөгжүүлж, худалдаж, хөгжих боломжтой.

Бусдаас гуйлгүй амьдрая. Харин бусдад тусалж амьдрая, хоёр хөршдөө туслая. Дэлхийн хүнсний хангамжид бага ч болов тусламж үзүүлэх боломжтой. Гадны улсууд элсэн цөлд тариа тариалан эрхэлж байхад манай нутаг дэвсгэрт хаана ч юу ч тарьсан ургана” гэлээ.

Холбоотой мэдээ