
АН өмнөх сонгуулиас хойш хоёр хуваагдаж аль тал нь жинхэнэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Уг нь АН “амьд” байж байвал Монгол улсад хэрэгтэй нь харагдсаар. С.Эрдэнийн АН, Х.Баттулгын буюу ЖАН хоорондоо тулж, аль нь жинхэнэ болохоо Дээд шүүхээр шийдүүлчих санаатай үзсээр байна.
Өнгөрсөн 3-р сарын сүүлээр С.Эрдэнийн АН манайхыг жинхэнэ гэлээ гэлцсэн. Эсрэг талд нь Х.Баттулга өөрөө сунгаа явуулж АН-ын дарга гэгдэх болсон билээ.
Тэгвэл С.Эрдэнийн АН-аас энэ сарын 10-ны өдөр ҮБХ-ны гишүүдийн эргэлт буюу ротаци зарласан. ҮБХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг 2022 оны тавдугаар сарын 12-ноос 15-ны 20:00 цаг хүртэл бүртгэжээ. Тавдугаар сарын 16-27-ны хооронд нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжилж, 29-нд ҮБХ-ны шинэ гишүүд тодрох аж. Нэр дэвшигчид бүр гурван сая төгрөгийн хураамж, зургаан сая төгрөгийн дэнчин, нийт есөн сая төгрөг төлж байна.
АН-ын ҮБХ-ны одоо байгаа гишүүдийн 80 орчим хувь нь ротоцид оролцохоор бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн АН-ын ҮБХ-ны гишүүн болохоор АН-ын ҮБХ-д багтаж байсан фракцууд болоод үе үеийн төлөөллүүдийн дийлэнх нь бүртгүүлсэн байна. Тухайлбал, Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Лу.Гантөмөр, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Б.Отгонбат, Ц.Жадамбаа нар хураамж, дэнчингээ төлөөд нэр дэвших эрхээ баталгаажуулж гэнэ.