Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эцсийн мөчөө хүртэл эдийн засгаа хамгаалах болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, иргэдээ, эдийн засгаа хамгаалсан шийдвэр гаргасан. Тодруулбал, хатуу хөл хорио тогтоолгүй зарим эрсдэлтэй газрын үйл ажиллагааг хааж, заримыг нь амралтын өдрөөр ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр “Хэдүүлээ эцсийн мөчөө хүртэл эдийн засгийнхаа талд зогсоно. Халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад ухрах биш урагшлах стратеги барьж ажиллана. Бид тодорхойгүй ирээдүй рүү явж байгаа биш. Бидэнд вакцинжуулалтын эхний асуудлууд шийдэгдсэн. Нийт иргэдээ вакцинжуулж чадах төлөвлөгөө рүү явж байгаа цаг үе.

Арван сарын өмнөх бол өөр асуудал. Аравдугаар сарын хатуу хөл хорио үр дүнгээ өгсөн гэж би бодож байгаа. Учир нь вакцинжуулах цаг хугацаа хүртэл иргэдийн амь нас, эрүүл мэндийн асуудлыг хамгаалж чадсан. Хэдийгээр эдийн засаг хүнд байдалд орсон ч гэсэн. Магадгүй хатуу хөл хорио тавихгүйгээр шаардлагатай газруудаа хэсэгчлээд 4, 5-н сарыг вакцины том сар болгоод, дахиад иргэддээ итгээд, ААН-үүдээ уриалахыг шийдвэрлэхэд надад хүнд байна.

Гэхдээ дөнгөж сэргэж эхэлж байгаа эдийн засгийн эхний шинж тэмдэгийг, дөнгөж энгийн хэмнэл рүү орж байгаа амьдралыг, дөнгөж зээл гараад зээлээ авчихсан байгаа иргэдийн итгэлийн харцыг би 14 хоногийн дотор няц дараад зогсоомооргүй байна. 14 хоногт хөл хорио тогтоогоод халдвар тодорхой хэмжээнд буурч болох ч халдвар огцом сэдэрвэл яах уу. Дахиад хөл хорих уу. Яаж зогсоох уу. Хөл хориог байнга л тавьж чадахгүйгээс хойш сөрж тэмцье. Хөл хорио тогтоох нь эцсийн арга биш.

Эдийн засгаа сэргээнэ, эрүүл мэндээ хамгаална гэсэн зорилгоо биелүүлэхийн тулд УОК, НОК, Засгийн газраас шалтгаалах бүх зүйлээрээ дэмжээд явъя. Бүх хүчээрээ дархлаажуулалтаа хийгээд, халдвар хамгааллын дэглэмээ бариад, хэсэгчилсэн хөл хорио тавиад улаан түвшин рүү орохгүй улбар шар түвшингээ барьж ажиллах 14 хоног эхэлж байна” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ