
Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн.
Эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны талаарх мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл өглөө.
Тэрбээр “
Тавдугаар сарын 1-нээс хойш авсан дата мэдээллийг харахад, манай иргэдэд ходоод, хоол боловсруулах замын өвчнүүд болон хавдрын цөөн тохиолдол илэрч байна.
Манай улсад жилд 110-130 орчим хүүхдэд хавдар оношлогддог. Өнөөдрийн байдлаар улс орон даяар 24,000 орчим иргэн хавдартай байгаагаас 450 орчим нь хүүхэд. Тухайн хүүхдүүд хавдрын улмаас эмчийн хяналтад, эмчилгээ хийлгэж байгаа статистик мэдээлэл байна.
Олон нийтийн сүлжээгээр эцэг, эхчүүд хандив тусламж гуйх асуудлыг бид харж байгаа. ЭМЯ бодлогын хэмжээнд хүүхдийн хавдрыг эрт оношлох, эмчилгээг нь зүй зохистой, чанартай болгох чиглэлээр үе шаттай ажил хийдэг.
Тухайлбал, өнгөрсөн жил бид хүүхдэд тохиолдож байгаа хавдруудын дунд ямар төрлийн хавдар илүү байгааг гаргаж ирсэн юм.
Ингэхэд, Монголд зургаан төрлийн хавдар зонхилон тохиолдож байгаа нь ил болсон. Үүний эмчилгээний протоколуудыг хэрхэн сайжруулах чиглэлээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргаад ажиллаж байгаа. Үүний нэг нь үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа юм” гэлээ.