У.Хүрэлсүх: Жимс жимсгэнэ, тахианы мах зэргээ дотоодоосоо бүрэн хангах ажлыг эхлүүлэе

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь реформын хүрээнд 100 жил 10 зорилт хөгжлийн санаачилгыг төрийн тэргүүн дэвшүүлсэн. Энэ бүхэн Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгалаа олсон нь сайшаалтай.

Бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болоход та бүхний анхаарлыг хандуулахаар миний бие УИХ-ын чуулганд оролцож байна. Хүнсний аюулгүй байдал нь монгол хүний эрүүл амьдралтай шууд холбоотой.

Мах, гурил төмсөө дотоодоосоо хангаж байгаа нь чамлахааргүй амжилт, олон жилийн их хөдөлмөр гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ ургамлын тос, давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Аль юм болгон давсаа хүртэл айлаас гуйж амьдрах вэ.

70 сая малтай манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү хэрэглэж байна. Манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хангаж чадахгүй байна. Үүний тулд хүний эрүүл мэнд, амь насанд харшилсан альваа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой.

Хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчлөл өндөр байгаа нь хүнсний аюулын байдалд аюулын харанга дэлдсэнийг харуулж байна.

УИХ, Засгийн газрыг хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарахыг хүсэж, Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг яаралтай горимоор хэлэлцэхийг хүсэж байна.

Цаашдаа 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодоосоо хангаж хувьсгал хийе. Мах, төмс, лууван, сүү, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, тахианы мах, ургамлын тосныхоо хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангая. Мөн гахайн мах, элсэн чихэр, жимс жимсгэнээр бүрэн хангах ажлыг эрчимтэй эхлүүлэе. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэе” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn