“Манай улсад нэг хүнд 8.5 литр архи ногдож байгаа нь аюултай түвшнээс давсан”

2021-04-01

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагч Х.Нямбаатар танилцууллаа.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 6.2 литр байх бөгөөд энэ үзүүлэлт 8 литрээс дээш гарсан тохиолдолд тухайн үндэстэн аюулд учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад 18-аас дээш насны хүнд нэг хүн 2018 онд 9.2 литр архи, дарс, 28.9 литр шар айраг ногдож байна гэсэн тооцоо гарсан. Харин 2019 онд 8.5 литр архи, дарс, 28.5 литр шар айраг ногдож буй нь аюултай түвшинээс давсан буюу муу үзүүлэлттэй гарсан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаатар:

Чингис хааны нэртэй архинууд үйлдвэрлэгдэж байна. Бид Чингис хаанаараа бахархаж ярьдаг. Гэтэл зурагтай нь, нэртэй нь архи хийж байна. Энэ асуудлыг цэгцлэх заалт хуулийн төсөлд орсон уу? Чингис хааны нэртэй архи үйлдвэрлэж байгаа явдлыг таслан зогсоох ёстой.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хэрэглээ өндөртэй. Архидан согтуурах эмгэгтэй болсон 10 мянга гаруй хүн бий. Хуулийн төсөл нь донтох өвчний хор уршигтай тэнцэх санг байгуулах, хоёрдугаарт архины зохистой хэрэглээг бий болгох, гуравдугаарт шинэ стандартыг бий болгохыг зорьж байгаа.

Чингис хааны нэртэй загварыг оюуны өмчид бүртгүүлчихсэн байдаг юм байна лээ. Төрийн бэлгэ тэмдэг, түүхт хүмүүсийн нэр устай согтууруулах ундааны загварыг батлуулах байх тал дээр энэ хуулийн зорилго оршиж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Тогтохсүрэн:

Градус, савлагааг багасгах, соёлтой хэрэглээг дэмжих чиглэлд ямар заалт тусгагдсан бэ?

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

Сувинерийн зориулалтаас бусад жижгээр савладаг савлагааг хориглож өгч байгаа. Үйлчилгээний газарт архины хажуугаар усны хэрэглээг үнэгүй болгох, нийтийн тээврээр зорчих маршрутыг зааж өгөх, хэт их согтууралтай хүнд согтууруулах ундаа борлуулахгүй байх зэрэг хориглолтуудыг олноор оруулж ирсэн.

Үйлдвэрлэлийн савлагаатай архийг шил, лонхоор нь баар, ресторан дээрээс зарахыг хориглож байгаа. Нэг удаагийн буюу шотоор нь зарах зохицуулалтыг хийж байгаа.

Манайхан ширээн дээрээ хэд хэдээр нь өрж тавьж байгаад уудаг. Энэ бол соёлтой хэрэглээ биш.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Архидан согтууралтыг бэлэнчлэх сэтгэлгээ, бэлэн мөнгө. Тогтмол ажлын байртай, байнгын орлоготой болвол архидан согтууралт багасна. Дөрвөн жилээр архидалттай тэмцэнэ гэдэг, үр дүнгүй улс болчихоод байна. Иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнээс аврах, тэдэнд байнгын ажлын байр, орлого бий болговол архидалт багасна. Архидалтыг хүчээр хориход аюултай. Архидалтыг шууд хүчээр хорьвол хар тамхи дэлгэрдэг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ