Н.Түвшинбаярыг өнөөдөр шүүнэ

2022-05-12

Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт ирүүлснийг үндэслэн Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр шүүнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09:30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товложээ.

Өнгөрсөн сарын 29-нд шүүх хурлыг товлосон байсан ч гэрч оруулах саналаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Э.Энхбат агсны өмгөөлөгч О.Санчирбал “Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хоёр хүсэлтийг гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр шүүх хурлыг товлосон. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Нэр бүхий 10 гэрч оролцуулна”.

Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа “Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөхийг оролдож байна. Шүүгчийн зүгээс хараат бусаар хэргийг шийдвэрлэхээ илэрхийлсэн. Түүний дагуу хуульд тусгасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, нөлөөлсөн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон” гэсэн юм.

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хуульд зааснаар хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн, бусдын эд зүйлийг устгах гэмтээх гэдэг зүйлчлэл бий. Эрүүгийн хуулийн 11.2 зүйлд 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ялтай. Н.Түвшинбаяр 2021 оны арванхоёрдугаар сараас хойш цагдан хоригдож байгаа билээ.

Шүүгдэгч, хохирогчдын талаас шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргасны дагуу өнөөдрийн хуралдаан 10 хүртэлх гэрчтэй, хаалттай болох юм.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Холбоотой мэдээ