Шаардлагагүй хэт олон хичээл орж, сурагчдын ачааллыг нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ

2022-05-12

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.05.11) хуралдаан 12 цаг 16 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулгын талаар  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр хэт олон хичээлтэй болж, сургалт академик шинжтэй болсон.

Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зууны иргэдэд шаардагдаж буй ур чадваруудыг олгохын тулд тэр болгонд нь тохирсон хичээл шинээр оруулж ирэх хандлагатай болж байна. Угтаа бол үндсэн хичээл бүрээр суралцах явцдаа олж авах чадварууд юм. Иймээс багшийг чадваржуулахад онцгой анхаарах шаардлагатай. Зөвхөн хөтөлбөр, арга зүйн бодлого дээр анхаарлаа төвлөрүүлснээс түүний хэрэгжилт орхигдсон. Ялангуяа гол хэрэгжүүлэгч болох багшийн мэдлэг, ур чадварыг тогтвортой дээшлүүлэх, ажиллах бололцоог хангах, сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, сурагчийн үнэлгээний асуудал орхигдсон гэж байлаа.

Хөтөлбөрийн бодлого сул, хөтөлбөрийн шинэчлэлийг бэлтгэлгүй хийдэг бөгөөд зарим хичээлүүдийг улстөрчид болон тодорхой сонирхлын бүлгүүдийн шахалт, захиалгаар судалгааны үндэслэлгүйгээр хөтөлбөрт оруулснаар сурагчдын ачааллыг хэтрүүлэн, зайлшгүй судлах шаардлагатай хичээлийн судлах цагийг багасгасаар байна. Зарим хичээлүүдийг нэгдмэл агуулгатай болгож, интеграцчилах замаар сурагчдын ачааллыг багасгах арга замыг хайх зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоо хэрэгжиж буй хөтөлбөрөөр судлагдахууны тоо I-III ангид 7, IV-V ангид 10 хичээл, VI-IX- ангид 15-17 хичээл, Х-ХII ангид 16 хичээл судалж байна. Яамны зүгээс хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд 2022 онд сургалтын шинэ хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг баталж цаашид сургалтын шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, багшаа бэлтгэх, сурах бичгээ шинээр боловсруулах, шинэ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор оношлох үнэлгээг 2021 оны 9 дүгээр сард, сургуульд суурилсан үнэлгээг 2021 оны 10 дугаар сард тус тус зохион байгууллаа. Энэ үнэлгээгээр бага боловсролын сурагчийн сурлагын түвшин 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд 36 хувьтай байна. Тэд эзэмших мэдлэг, чадварынхаа 50-64 хувийг сурч чадаагүй байна. Мөн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн орсон сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд энэхүү үнэлгээгээр хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын гүйцэтгэл 60.7 хувьтай байна. Цаашид үндэсний түвшинд элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар боллоо. Монгол хэл бичгийн шалгалтыг 3, гүйцэтгэлийн үнэлгээг 2 удаа, боловсролын чанарын үнэлгээ, сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг тоггмол гүйцэтгэж байх тогтолцоонд шилжиж байна. Монгол Улс анх удаа 2022 онд сурлагын амжилтын олон улсын үнэлгээ болох PISA-д хамрагдана гэв.

    Салбарын сайд мэдээллийнхээ төгсгөлд сурах бичгийн агуулгын судалгааны талаар товч мэдээллэсэн. Сурах бичгийн агуулгын судалгааг 33 нэр төрлийн 174 сурах бичигт анх удаа хийж гүйцэтгэснийг дурдаад энэхүү судалгаагаар сурах бичиг, түүний дагалдах багцын (дасгалын ном, багшийн ном, хэрэглэгдэхүүн) өнөөгийн хөгжлийн төлөв байдалд дүгнэлт хийж, цаашид сурах бичгийн талаарх үзэл баримтлал, баримтлах бодлого, стандарт, үнэлгээний үндсэн асуудлуудыг нээн илрүүлж шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго тавьсныг онцолсон. Хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд сурах бичгийг шинэчлэн сайжруулах бөгөөд цаашид дараах ажлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. Үүнд, сурах бичиг судлалыг хөгжүүлэх, сурах бичигт тавих стандартын шаардлагыг шинэчлэх, шинээр боловсруулсан сурах бичгийг тодорхой хугацаанд туршсаны үндсэн дээр сайжруулж, нийтээр хэрэглэх, сурах бичгийн агуулгыг боловсролын түвшин, хичээл хоорондын залгамж холбоог хангах, танин мэдэхүйн дээд эрэмбийн даалгаврыг түлхүү оруулах, үндэсний ёс заншил, өв уламжлал, үндэстэн, ястны онцлог, үнэт зүйлсийг танин мэдэх агуулгыг хичээлийн онцлогтойгоор тусгах шаардлагатайг сайд мэдээлэлдээ онцоллоо.

Холбоотой мэдээ