
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэн 6 насны багцаар улс орон даяар эхэллээ.
Иргэдийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш үргэлжлэх юм. 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Насны бүлгээс хамааран хэдэн төрлийн үзлэг, шинжилгээнд хамрагдахаа ЭНД дарж харна уу.
Мөн эрүүл мэндийн даатгалын завсардсан төлбөрөө нөхөн төлж, бүрэн төлсөн нөхцөлд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах боломжтой болохыг анхаарна уу.
Шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Иргэд зөвхөн өөрийн төрсөн сардаа шинжилгээ, оношилгоонд хамрагдах юм. Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвөөс заагдсан хуваарь буюу тухайн сарын хэдний өдөр шинжилгээнд хамрагдах талаар урилгыг шинжилгээнд орохоос гурав хоногийн өмнө танд хүргүүлнэ. Иймд товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарийн дагуу эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах ёстой.
Үзлэгт хамрагдахдаа, иргэн хоёр өдөрт багтаан бүх шинжилгээнд хамрагдах ёстой. Тухайн хоёр өдөр нь заавал дараалсан өдөр байх шаардлагагүй, зайтай байж болно. Харин эрүүл мэндийн байгууллагад хоёр удаа очих, 20 хоногийн дотор эрт илрүүлгийн шинжилгээг дуусгасан байх ёстой. Түүнчлэн нэг эрүүл мэндийн байгууллагад иж бүрэн шинжлүүлэх хэрэгтэй. Зарим шинжилгээг хоёр эмнэлэгт хийж байгаа нөхцөлд хоёр байгууллагад хуваарийн дагуу хандаж болно. Дугаараар, тухайн хуваарьт өдрөө шинжилгээнд хамрагдах нь нэн чухал.