С.Эрдэнийн АН-ын даргаар М.Тулгат, Ц.Тувааны АН-ын даргаар О.Цогтгэрэл нар сонгогдов

АН өчигдөр даргыгаа цахимаар болон цаасаар хоёр талд сонголоо. Ийнхүү АН албан ёсоор хоёр сунгаагаар хоёр даргатай боллоо. С.Эрдэнийн талын цахимаар явуулсан сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдсөнөөс М.Тулгат, Ц.Тувааны талын цаасаар явуулсан сунгаанд дөрвөн нэр дэвшигч оролцсоноос УИХ-ын гишүүн, “Тэсо”-гийн хэмээх О.Цогтгэрэл сонгогджээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягийн мэдээллээр М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгуулсан бол Л.Гүндалай 898.58 оноо, Ц.Уртнасан 1020.86 оноо, Ч.Өнөрбаяр 1479.33 оноо, Ц.Оюунгэрэл 2067.21 оноог тус, тус авсан гэнэ. Нийт 30077 гишүүн цахимаар саналаа өгчээ.

Тэгвэл О.Цогтгэрэл нийт гишүүдээс хэдэн санал авсан нь тодорхойгүй ч дөрвөн нэр дэвшигчээс хамгийн олон саналыг аваад байна гэж Ц.Тувааны талынхан мэдэгдсэн. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Нийт 70 мянга гаруй гишүүн саналаа өгснөөс О.Цогтгэрэл 55 хувиар нэр дэвшигчдээ тэргүүлж байна” гэж мэдэгдлээ.

Ардчилсан нам ийнхүү ойлголцолд хүрч чадалгүй, хоёр талд сонгууль зохион байгуулж, хоёр дарга сонгож байгаа нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН нэр дэвшигч өрсөлдүүлэх боломжгүй болгох аюултай юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийсэн юм.

Юутай ч сонгогдсон дарга нараа хоёр тал АН-ын дарга хэмээн бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандана. Эдүгээ С.Эрдэнэ Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн газарт АН-ын дарга гэсэн нэрээр бүртгэлтэй байгаа. Харин түүний оронд АН-ын даргаар М.Тулгатыг бүртгүүлэхэд асуудал тулгарна хэмээн намын гишүүд нь цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж байна.

Өмнө нь өнгөрсөн онд АН-ын 10 дугаар их хурал хэмээх цахим хурал зохион байгуулж, намынхаа дүрэм журмыг шинэчлээд бүртгүүлэх гэж хандсан ч тус хурлыг нь хууль бус гээд бүртгэж аваагүй УДШ энэ удаа О.Цогтгэрэлийг АН-ын даргаар тодорсон гэж үзэх эсэх нь бас баталгаагүй юм.

Сонгууль л болсон хойно хэл ам, хэрүүл тэмцэл нэлээдгүй өрнөсөн. АН өмнө нь сунгаа явуулахад ийм их хэл ам гардаггүй байсан тухай ч гишүүд нь дурсаж байна.

О.Цогтгэрэлийг “царцаа нүүлгэсэн”, С.Эрдэнийн талын цахим сонгуулийн үр дүнг будилаантуулах зорилгоор серверт нь халдсан зэрэг олон ноцтой мэдээллийг хоёр талаас хийж байсан.

М.Тулгат нь Монголын ардчиллын дууч О.Цогтсайхан агсаны ах Майнбаярын хүү, нийслэлийн харьяат нэгэн. О.Цогтгэрэл нь Увс аймгийн Тэс сумын уугуул, улстөрд Н.Алтанхуяг нарыг бараадан орж ирсэн гэгддэг. Энэ удаа О.Цогтгэрэлийг З.Энхболд балиашигдсан хэмээх яриа АН-ынхан дунд хүчтэй тарж байна.

С.Эрдэнийн талаасАН-ын даргаар сонгогдсон М.Тулгат

Боловсрол:

  • 1994-1996 онд нийслэлийн 1 дүгээр сургууль
  • 1998-1999 онд Осака гадаад хэлний сургууль
  • 1999-2003 онд Киотогийн их сургууль эдийн засгийн ухаан /БАКАЛАВР/
  • 2003-2005 онд Киотогийн их сургууль эдийн ухаан /МАГИСТР/

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2005-2009 онд Япон улс “Софтбанк инк” санхүүч
  • 2010-2013 онд “Бекфорс” ХХК-ийн захирал
  • 2013 оноос “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирал
  • 2016 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч

Ц.Тувааны талаас Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл

Боловсрол:

  • 1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
  • 2008 онд Удирдлагын академи, докторант

Ажлын туршлага

  • 1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
  • 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
  • 2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ