
“Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчинтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас мэдээлэл хийж, Хүүхдийн төлөө фондноос яаралтай гадагшаа явах шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээ зардлыг санхүүжүүлэхийг төрөөс хүслээ.
Мөн тэд 10 мянган ээжээс гарын үсгийг цуглуулж, НҮБ-д хандахаа мэдэгдсэн юм.
Ээжүүдийн төлөөлөл н.Бадамцэцэг:
Миний охин өнөөдөр ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт байгаа.2021 оны есдүгээр сард охиныг минь төрсний дараа коронавируст халдвар туссан гэж хүүхдээс минь тусгаарлаж, 14 хоногийн дараа уушгины хатгалгаа гээд Эх нялхас руу шилжүүлсэн.
Уушгины хатгалгаагаар 14 хоног эмчлүүлсэн охин маань зулайн эхогоор тархинд асуудалтай гэдэг нь оношоор баталгаажсан юм.
Өнөөдөр ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт миний хүүхэдтэй хамт 20 хүүхэд байна. Өдөр ирэх тусам тус тасагт байгаа хүүхдийн тоо багасдаг ч амьд гарч байгаа нь ховор. Би сэхээн амьдруулах тасагт хүүхдээ хараад нэг сар орчим байхад нүдэн дээр минь 10 хүүхэд бурхан боллоо.
Өмнөх шатны эмнэлгүүд нь хагалгаа хийгээд хачин болгочихсон хүүхдийг тэнд ажиллаж буй сэхээний эмч нар хэчнээн хичээгээд аварч чадахгүй байна. Монгол Улс ингэж хүүхдээ хаячихсан байгаад үнэхээр харамсаж байна.
Яагаад Монгол гаднын мундаг тоног төхөөрөмжтэй эмнэлгүүд шиг эмнэлэгтэй болж, эмч нараа дэмжиж сургаад гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гээд байгаа тэр хагалгаануудыг эх орондоо хийж болохгүй байгаа юм бэ.
Монголчууд хүчтэй учраас хандивын мөнгөөр зарим хүүхдийн эмчилгээний зардал босож байна. Гэхдээ өвдсөн хүүхдүүдийн ээж аав болгон заавал талбай дээр хандив гуйж, уйлж сууж байж гадаад руу явах эмчилгээний зардлыг олох ёсгүй шүү дээ.
Үнэнийг хэлэхэд, хүүхэд хэрвээ ургийн гажигтай төрж байвал төрөөс иргэдээ эрүүлжүүлэх бодлого баримталж ажиллах ёстой. Гэтэл төрснийх нь дараа ээжийн буруу мэт ярьдаг. Хүн тээж байгаа хойно эх хүн эрүүл хүүхэд гаргахыг л хүсэж, хичээнэ. Энэ байдлаараа байвал 3.4 сая хүн амтай Монгол Улс 2050 он гэхэд эрүүл хүүхэдгүй болно.
Хүүхдийн төлөө фондоос эхлээд хөрөнгийг юунд зарцуулагддаг нь мэдэгдэхгүй хүүхдэд зориулсан олон сан манай улсад байдаг. Тэгвэл Хүүхдийн төлөө фондод цугласан мөнгөнөөсөө эмчилгээнд явах шаардлагатай 48 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд өгөөч гэж хүсье.