ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилж, Ш.Цогтоог чөлөөлөв

УИХ-аар ҮХЦ-ийн шинэ гишүүнийг томилох асуудлыг өчигдөр хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг завсарлага авсан. Өнөөдөр өглөө завсарлагаа сунгаад байсан. Тэгвэл АН-ын бүлгийн завсарлага дуусч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Завсарлага авсан хугацаанд зохих хэмжээний тодруулга, мэдээллийг авлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн томилогдож байгаатай холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайт дээр мэдэгдэл гарсныг та бүхэн харсан байх. Үндсэн хуулийн цэцийн Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн. Мөн Н.Чинбат гишүүн өндөр насны тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон.Тиймээс Ш.Цогтоо, Д.Солонго хоёрын хэнийг нь чөлөөлж, орных нь хүнээ томилохоо тодорхой болгох нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хориг ч орж ирж магадгүй юм байна” гэсэн бол,

УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ хууль тогтоох дээд  байгууллага. Гэтэл өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл хийсээр байгаагийн илрэл нь өнөөдөр үргэлжилж байгаа Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнд орсон  цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх асуудал. Энэ нь илт хууль бус үйлдэл юм. МАН хоёр жил дарааллан суудал авсан гэдэгтээ эрдэж хуулийг уландаа гишгэж байна. Хууль шүүхэд нөлөөлөх, хараат бус шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож асуудлыг улстөржүүлж  шийдвэрлэхээр улайрч байгааг эрс эсэргүүцэж байна. Хуулийн хугацаа дууссан Д.Солонго, 67  настай Н.Чинбат гишүүн нарыг нэг мөр оруулж ирж шийдвэрлүүлэхийг шаардаж байна” гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг 53 гишүүн дэмжиж  78.8 хувийн саналаар дэмжлээ.  Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцлоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ