
Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийг эхлүүлэх чиглэлээр тээвэрчид УИХ, ЗГ-т шаардлага хүргүүллээ.
Тээвэрчдийн төлөөлөл:
2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Л.Халтар сайдын Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн зам хаагдсан. Л.Халтар сайдын буруу, мушгин гуйвуулсан мэдээллээс болж дотоодын нүүрс тээвэрлэлт гацчихаад байна.
Тээвэрчид Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу хүрсэнгүй.
Чойр чиглэлийн нүүрсний тээврийн орлого 3.8 тэрбумын орлого оруулдаг. Нийт 20 мянга орчим хүний амьдралтай холбоотой асуудал дээр 2.8 тэрбум эргэлддэг. Өдөрт 6.6 тэрбумын шууд орлого тасалдаж байна.
Хятад улс импортынхоо нүүрсийг нэмэгдүүлэх гээд импортынхоо татварыг тэглэчихээд байна. Индонез улс хэдэн зуун км-ийн цаанаас нүүрсээ экспортолж байна. Монгол Улс хамгийн өргөн зурвасаар хиллэдэг мөртлөө нүүрсээ гаргаж чадахгүй байгаад харамсаж байна.
Хоёрдугаарт, Чойрт буусан нүүрс урагшаагаа Замын-Үүд боомтоор экспортод гардаг. Өнөөдрийн байдлаар 2000 орчим чингэлэг Эрээн боомт дээр гацсан байгаа. Хортой элементийн шинжилгээг гаалийн төв лаборатори хийхгүйгээр шууд гаргачихдаг. Хятадад шинжилгээ аваад хортой элемент өндөр учраас авахгүй гээд гацаачихдаг. Буцааж татаж авах хэлцэл байхгүй тул эцэст нь ААН-үүд хохирч байна.
Л.Халтар сайд Чойрын замыг урагшаа үүссэн төмөр замын бөөгнөрөл гэж байгаа. Энэ бөөгнөрлийг шийдэх бүрэн боломжтой ч арга хэмжээ авахгүй хэвээр байна.