Б.Баярсайхан: Байгууллагууд ажилчдаа цагт нь тараадаг болсноор хүүхдийн эрх хангагдана

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл сонсжээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлгийн ахлагч Б.Баярсайхан:

Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа хүүхдийн эрхийн асуудлаар заалт тусгагдсан. Шинээр тусгагдсан 43.3 дахь заалт нь ажил олгогч ажилтныхаа ар гэрийн тухай мэдлэгтэй байх, ажилтныг гэртээ хариад амрах цагтай байлгах тухай байгаа. Байгууллага болгон хүүхэд хамгааллын бодлоготой байх ёстой гэсэн зарчмыг төрийн байгууллагуудаасаа эхлүүлж байна.

Ажилтан гэртээ хариад, гэр бүлтэйгээ байвал маргааш ажлын бүтээмж нь өндөр байхын сацуу тухайн ажлын байрандаа тогтвортой ажилладаг гэх олон улсын судалгаа бий.

Өнгөрсөн хугацаанд ажил олгогч нь илүү цагаар болон их хэмжээгээр ажил хийлгэсний улмаас ар гэрт нь үр хүүхэд нь ямар нэг эрсдэл, гэмтэл бэртэлд орж байсан олон жишээ бий. Жилд 35 мянган хүүхэд зөвхөн гэр бүлийнхээ орчинд гэмтэж, бэртэж байна.

Аливаа албан байгууллагууд ажилтнаа илүү цагаар ажиллуулахгүй байх, ядаж л цагт нь тараадаг байх нь хүүхдийн эрхийг хангах гол хүчин зүйл.  Төрийн, төрийн бус, бизнес, олон улсын байгууллагууд энэ хуулийг биелүүлэх ёстой.

Ар гэртээ амрах цагийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Ялангуяа төрийн албан хаагчид ажлаа чанартай хийж дуусгасан бол үлдсэн цагаа гэр бүлдээ зарцуулах эрхтэй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn