
Европын нэгдэл нягтралыг дэмжигч, центрист үзэлт Эммануэль Макрон өчигдөр болсон Францын ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулав.
Түүний өрсөлдөгч хэт барууны үзэлт Марин Ле Пэн байсан билээ. Саналын хуудасны 95 хувийг тоолсны дараах байдлаар Макрон 57, Ле Пэн 43 хувийн санал авсан нь тодорчээ. Эйфелийн цамхгийн дэргэд тайз засан ялалтаа зарлахдаа Макрон хуваагдсан нийгмийг эвлэрүүлж, францчуудын нэгдэл нягтралыг хангахаа амлалаа.
Таван жилийн өмнө болсон сонгуулиар Макрон 66 хувийн саналаар Ле Пэнийг ялж байсан бол хэт барууны сөрөг хүчин энэ сонгуульд түүхэндээ байгаагүй өндөр санал авчээ.
Сонгуулийн ирц 72 хувьтай байсан нь 1969 оны сонгуулиас хойших хамгийн бага ирц болжээ. Бас саналын хуудасны 28 хувь нь хоосон буюу “цагаан сонголт” байж хүчингүйд тооцогджээ. Энэ нь мөн тооны сонгогчдын хувьд хүссэн нэр дэвшигч нь байгаагүйтэй холбоотой юм.
Ле Пэний хувьд цагаачлалын хатуу бодлого баримтлах, уугуул франц хүмүүсийн аж амьдрал, эдийн засгийн нөхцөлийг нэн тэргүүнд тавих амлалт өгч байсан. Макрон өрсөлдөгчийнхөө намыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс хамааралтай, 2014 онд Оросоос зээл авч байсан зэргийг сонгуулийн сурталчилгааныхаа үеэр шүүмжилж байлаа. Тиймээс Украинд дайн өрнөж буй эгзэгтэй цаг үед Ле Пэнийг дэмжихгүй байхыг сонгогчдод уриалж байсаар ийн ялав.
Европын Холбооны томоохон гишүүн оронд хэт барууны үзэлтэн ерөнхийлөгч болохоос Брюсселийн эрх баригчид болгоомжилж байв. Тиймээс Макроны ялалтыг Европын Холбооны удирдлагууд талархан хүлээж авчээ.
Одоо ирэх зургаадугаар сард болох парламентын сонгуульд Францын улс төрийн намууд анхаарлаа хандуулж эхлээд байна. Энэ сонгуулиар Макроны центрист эвсэл олонхын байр сууриа хадгалахын төлөө өрсөлдөх юм. Макронд ойрын үед тулгараад байгаа гол асуудал нь эрчим хүчний үнийн өсөлтөөс хамааралтай иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж буй эдийн засгийн дарамтыг бууруулах явдал болоод байгаа юм.