Иргэн Э.Энхзориг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахд 120-130 сая төгрөгийн эд хөрөнгөө дээрэмдүүлсэн талаар мэдээллээ.
Тэрбээр “Миний хувьд Gem Palace-ийн 17 давхарт лоунж ажиллуулдаг байсан.
Тэр үед подвалд нь баар ажиллуулдаг гээд Хар сарнайгийн С.Амармандах шууд “миний удирдлага дор” ажил гэж дарамталсан.
“Таньдаг урлагийн хүн биш байсан бол зодоод гаргана. Манай найзууд Gem palace-ийн эзэд чамайг хөөгөөд гаргаж чадна. Хууль, шүүх бүгд миний халаасанд байна” гэсэн. Миний хувьд зөвшөөрөхгүй гэсэн. Түүний дараагаас Gem palace-ийн захирлаас гэрээг нь цуцална, та нарыг гаргана гэж дарамталсаар байгаад лацдаад, гэрээг хүчээр цуцалсан.
Ковидын өмнө түрээсээ төлсөөр байгаад 2021 оны Шинэ жилийн баярын өмнө хөөгдөөд гарсан.
Улмаар бүх эд хөрөнгөө ХУД-ын 3-р хорооны харуул хамгаалалттай албан ёсны агуулах дээр тавьсан. Юмаа тавьснаас 7 хоногийн дараа буюу 11.17-нд агуулах дээрээ яваад очсон чинь юмаар хөшөөд, онгойлгоод бүх юмыг нь авчихсан байсан. Тэнд С.Амармандахын улаан форд машин байсан нь бичлэгээр тогтоогдсон. Миний эд хөрөнгийг буцаагаад Gem palace-ийн 17 давхарт буцаагаад тавьчихсан байсан, С.Амармандах гэж хүн байгаагүй. Амараагийн менежер гэж нэг эмэгтэй орж ирээд, цагдаатай нь яръя гээд утсаар яриулсан. Тэр цагдаа нар утсаа ярьсныхаа дараа ажлаасаа буугаад явсан.
Энэ хэрэг шийдэгдэлгүй 6 сар болчихлоо, мөрдөн байцаагч нь гурав ч солигдсон.
Хэрэг шийдэгдээгүй байхад тэр газрыг 420 саяар зарна гээд зар тавиад явж байна” гэлээ.