
УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудал тусгасан эсэхийг тодруулсан гишүүний асуултад салбарын сайд хариулт өглөө.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны норматив зардалтай холбоотой хөрөнгө төсвийн тодотголд тавигдаагүй.
Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2,400 төгрөг байна. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй.
Тиймээс цэцэрлэгийн хоолны үнийг эцэг эхтэй нь хуваалцдаг болохгүй бол төр бүгдийг нуруун дээрээ үүрч явах хүндрэлтэй болоод байна.
Цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна.
Гэхдээ мэдээж эмзэг давхаргын бүлгийнхээ төр анхааралдаа авч явах нь зөв” гэв.