УИХ-ын гишүүдийн тоог 200 хүртэл нэмэх санал гаргав

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

ХҮН-ын дарга Т.Доржханд:

30 жилийн алдаа оноон дээр дүгнэлт хийх цаг нь болсон байна. Үүсээд байгаа асуудлыг үндсээр нь шийдэх цаг болсон. Ингээд намууд зөвшилцөөд сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх саналыг дэвшүүлж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг улс төрийн бүх хүчнийг хамруулж яаралтай ярилцъя гэж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай хэлэлцэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцье. 76-гаагаа өсгөе. Судалгаагаар гишүүдийн тоо хамгийн багадаа 150-215 гэдэг тоонууд гарч ирж байна. Ингэснээр нэг УИХ-ын гишүүн дээр ирэх кнопын эрх мэдэл буурна. Үр дүнд нь авлига буурна. Залуучуудаа парламентад оруулж ирэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Хэт нэг намын давамгайлал улс орныг хөгжлийн гацаанаас гаргаж чадахгүй.

Ер нь болж бүтэж байгаа зүйл алга хэмээн иргэд жагсаж байна. Энэ бүгдийн суурь шалтгаан нь юу вэ гэхээр сонгуулийн тогтолцоо. Өнөөдрийн сонгуулийн мажоритар тогтолцоо энэ олон хямралыг авчрах үүд хаалгыг нээж өгч байна. 2020 оны сонгуулиар санал өгсөн хүмүүсийн зөвхөн 42 хувь нь МАН-д саналаа өгсөн боловч эрх баригч нам Засгийн газар, УИХ-д хэт олонх байна.

Иймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай.

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар:

1990 оноос хойш 14 Засгийн газрыг огцруулаад байна.

Өөрсдийн намын гишүүдээ ачиж, сонгуульд оролцуулсан хүү аавыгаа дагуулаад УИХ-ын танхимд орж ирэхийг бид харсан.

Пропорционал тогтолцоог нэвтрүүлбэл хамгийн чадварлаг аавын хөвгүүд төрийн ордонд орж, салхи сэвэлзэнэ. Хэрвээ энэ ажлыг хийхгүй юм бол миний хэлж байгаа зүйлүүд дахин давтагдана.

УИХ-ын гишүүдийн тоог нэм. Тэдний дархан эрх, хангамжийг нь байхгүй болгомоор байна. Тэгвэл энэ бялуу руу дайрах хүнгүй болно. Ээж, аавыгаа дагуулсан эрхийн балайнууд УИХ-ын танхим руу гэтэж орж ирэхгүй. УИХ-ын гишүүдийн тоог 200 болгох нь зөв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn