Соён гэгээрсэн хүн гэж хэнийг хэлэх вэ?

2021-03-16

Францын философич  Мишел Фукальт  1984 оны үед  “Соён гэгээрэл гэж яг юу вэ” гэсэн утгатай эсээ бичжээ. Тэр эсээний төгсгөлд  “Бид соён гэгээрсэн үү, соён гэгээрэл болоод аль хэдийн дуусчихсан уу” гэдэг асуулт тавьсан байна. Гэхдээ асуултандаа тодорхой хариулаагүй бөгөөд “Хариулах  аргагүй, энэ бол  өөрөө өрнөх үйл явц” гэжээ.

Яг л Мишел Фукальт шиг сэтгэгч болгон өөр өөрийн тодорхойлолтуудыг өгч ирсэн байна.  Эдгээрээс  хамгийн алдартай бөгөөд ойлгоход   хялбар тодорхойлолт нь  Германы философич Иммануэл Кантын тодорхойлолт гэж үздэг байна.

Тэрээр  “Ёс суртахуун бол цэвэр хүний оюун ухааны үр дүн, оюун ухааны бүтээл. Хүн оюун  ухаантай болохоор ёс суртахуунлаг байх ёстой” гэсэн тайлбарыг гаргаж  тавьжээ.

Кантын  ёс суртахууны алтан зарчим болсон энэ сэтгэлгээний дагуу бол, хүн өөрийнхөө оюун ухаанаар өөрөө өөртөө үүрэг өгч байх ёстой   хэмээн МУИС-ийн Философи,шашин судлалын тэнхимийн багш С.Бүжинлхам энд тайлбарлажээ.

Тухайлбал, үүрийн 5 цагт машинаа жолоодож явтал улаан гэрлэн дохион дээр таарлаа. Эргэн тойронд чинь цагдаа ч байхгүй, камер ч байхгүй. Тэр үед улаан гэрлээр гарчихья,гэхдээ хүн харчих вий гэсэн айдастай байгаа бол ёс суртахуун төлөвшөөгүй гэсэн үг.  Харин хүн, камер байгаа эсэхээс үл хамааран зогсох ёстой газар зогсож байвал чи ухамсартай буюу  ёс суртахуунтай гэсэн үг.

Өөртөө үүрэг оноогоод түүнийгээ биелүүлж чадаж байгаа бол гэгээрсэн хүн гэсэн Кантын философийн агуулга эндээс урган гарч буй аж.

Гэхдээ хүн өөрт ногдсон үүргээ ухамсраараа хийж байна уу, хэн нэгнээс айсандаа, эсвэл бусад хүний өмнөөс хийж байна уу гэдгийг яаж мэдэх вэ?

Хүүхэд байхдаа бие дааж сураагүй, ихэвчлэн бусдын үгээр байж ирсэн бол том болсон хойноо ч  далд  ухамсартаа бие даагаагүй байдаг аж. Үүнийг насанд хүрээгүй оюун ухаан гэдэг.

Улс орны хувьд ч  бие даасан байр суурь, оюун ухаантай ард түмэнтэй бол хөгжин дэвжих нь ойлгомжтой.  “Хэрвээ биднийг удирдаж байгаа хүн маань өөрөө соён гэгээрээгүй байвал түүн шиг тэнэглэл байхгүй” гэсэн үг бий.   Эндээс улбаалан бодвол  хэн нэгэн хүний уриалж, лоозогносноор нийгэм соён гэгээрэхгүй бөгөөд соён гэгээрэл гэдэг ердөө хувь хүний сонголт, оюун ухааны асуудал аж.

Хэрвээ дарга,удирдагч хүн ухаалгаар даалгавар  өгөөд, үлгэр дууриал үзүүлээд байвал захирагдаж байгаа хүн  өөрийн хувийн оюун ухаанаа ашиглахад том дэмжлэг болдог гэсэн санааг Кант гаргасан.  Дээр нь тухайн хүн нийтийн төлөө дуугарч чадаж байна уу,үгүй юу гэдэг чинь ХҮН байх, хүнлэг байхтай холбоотой.

Ялангуяа хүн оюун ухаанаа нийтийн түвшинд,нийтийн төлөө ашиглаад эхлэх юм бол оюун ухааны хувьд насанд хүрч байгаагийн илэрхийлэл гэнэ.  Нийтийн төлөө ашиглана гэдэг нь ердөө л ярьж, хашхирахын нэр биш бөгөөд бодитой үйлдэл хийхийн нэр юм. Өөрийн ухамсраар үйлдэл хийнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, өөрийн ухамсраар эерэг өөрчлөлтийн төлөө үйлдэл хийж байгаа бол түүнийг оюун ухааны хувьд бүрэн бие даасан хүн гэж үзэхээр байна.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ