
МИК-аас мэдээлэл өгч байна.
МИК ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог бөгөөд, эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй болно.
МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болсон.
МИК шиг байгууллага байхгүй бол ипотекийн зээлийн хүртээмж багасаж, хүү эргээд 20 хувь руу орно.
Урьдчилгаа 30 хувь бол өндөр, үүнийг буулгах ёстой. Төр засгийн бодлоготой холбоотой. Сингапур улсад НДШ төлөөд түүнээсээ орон сууцны төлбөрөө төлж болдог. Тэтгэврийн сан, НДШ-ийг оруулвал иргэдэд амар болно.