Найрсаг харилцахуйн монгол ухаан:Амны алагаас адууны алаг

2021-03-16

“Амны алгаас адууны алаг дээр” гэсэн зүйрлэсэн хэллэг нь  ам хэлээрээ алаг байснаас адуу малаараа алаг байсан нь дээр гэсэн ардын эвт ёсны сайхан сургааль ажээ. Энэ тухай Монгол Улсын гавьяат багш,профессор Ж.Баянсангийн “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗҮЙРЛЭСЭН ХЭЛЛЭГИЙН УТГА СОЁЛЫН ТАЙЛБАР ТОЛЬ” бүтээлд өгүүлсэн байна.

Ам хэлний алаг гэдэг нь хүнийг ялгаварлаж үздэг, ялгаварлаж харилцдагийг хэлж байгаа бөгөөд нэг л зан аашаараа, нэг л үг хэлээрээ байх зан чанар эрхэм гэжээ.

Мөн аягны алгаас адууны алаг ч гэдэг ажээ.  “Аяг” гэсэн нь аяглах, маяглах  гэсэн үг бөгөөд олон ааш гаргах, хүнийг сайн муу, сайхан муухайгаар нь дуудаж, элдэв бусаар хэлэхийг ихээхэн цээрлэгдэгтэй холбоотой үүссэн хэллэг аж.

Профессор  Ж.Баянсангийн бичсэнчлэн, алаг гэдэг нь бараан, цагаан хоёр өнгө зүс хорших ерийн нэрлэлтээс гадна эрээвэр, хураавар,  хайш яйш, эрээн мяраан, арга ядан эвлүүлсэн гэсэн шиг нэг л үл таашаасан өнгө агуулдаг гэнэ. Тиймээс монголчууд  эд хогшил, хувцас хунар эрээн мяраан байх, хүний зан ааш байнга хувирч өөрчлөгдөх зэргийг үл таашаахын зэрэгцээ нэг хотны малын зүс хүртэл нэг ижилдүү байлгахыг эрмэлздэг уламжлалтай.

Иймээс “Өөдлөх айлын үг нэг, өсөх малын зүс нэг” гэдэг хэллэг ч гарчээ. Энэ бүхнээс адууны алаг ч тийм таашаахаар зүйл биш аж.

Хэдийгээр хүмүүс нас хүйс, зүс царай, бие хаа, хүсэл сонирхол, мэдлэг боловсрол, ажил мэргэжил, өмсөж зүүх, идэж уух, аашилж авирлахаараа ялгаатай ч бие биетэйгээ найрсаг харьцаж, эвтэй найртай амьдрахын утгыг дээрх “алаг” хэмээх үгээр зүйрлэн илэрхийлжээ.

Монголчуудын уламжлалт үг хэллэг хүртэл ийм гүн утгатай учир монгол соёл гайхамшиг юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Аяганы алагаас адууны алаг ч гэж байдаг байх аа Энэ нь голдуу найр хурим дээр бусдыг дорд үзэж ууж идэхэээр хясахтай холбоотой боловуу

Холбоотой мэдээ