Д.Сумъяабазар: 100 айл, Хотын захиргааг нүүлгэхгүй

2021-03-17

Нийслэлийн захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчидтэй “Хотын түгжрэл-Нийтийн тээвэр” сэдвээр уулзалт хийж,  замын түгжрэлийг шийдэж, нийтийн тээврийг сайжруулах асуудлыг хөндөв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод одоо явж байгаа 450 мянган тээврийн хэрэгслийг 320 мянга болгон бууруулах зорилготой. 10-аас их, 5-8, 3-5 жил гэх мэт насжилтаар нь ангилж, татвар зохицуулалт хийх чиглэлийг барьж байна. Жилийн хоёрдугаар хагасаас татвартай холбоотой зохицуулалт хийлгэх тал дээр иргэдээс санал хүсэлт авч, оруулж ирнэ гэж төлөвлөж байна.

ЖАЙКА Улаанбаатарх хотод метро бариад ашиггүй гэж үзсэн. Гэхдээ ашиггүй байсан ч гэсэн нэг хийвэл хамт дэд бүтцийнхээ асуудлыг давхар шийдэх төрийн бодлого үүний ард явж байгаа. Үүнд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.  Метротой болоход дор хаяж 6-7 жилийн хугацаа шаардлагатай.

Төрийн байгууллагууд өглөө эрт ажлаа эхэлнэ, түүнтэй уялдуулаад хувийн хэвшлүүд ажлаа эрт эхэлнэ. Төрийн байгууллага нь 07:00-оос эхлүүлнэ гэхээр хувийн хэвшлүүд нь адилхан цагт эхэлнэ, тэгэхээр түгжрэлд нэмэргүй” хэмээн ярьсан юм.

News.mn сайтын ерөнхий редактор Ш.Оюунчимэг: отын захиргааг нүүлгэнэ гэж байгаа нь хэр бодитой шийдвэр вэ?

-Би хотын захиргааг нүүлгэхгүй гэж бодож байгаа. Яагаад тэнд Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын залуучуудын инновацын төв, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байж болохгүй гэж. Би залуучуудаа, старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгож, тэнд залуучууд цугласан,  өөрсдийнхөө мэдлэг, чадвараа хөгжүүлж,  дэлхийн хөгжилтэй уралдсан байдлаар хөгжөөсэй гэж хүсэж байна. АНУ-ын цахиурын хөндий гэдэг шиг Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд, Монголын технологиуд гараасай л гэж бодож байна.

TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан: -Иргэдийн хувьд түгжрэлийг яаж хурдан шийдэх вэ гэдэг зүйлийг л асуудаг. Саяын судалгааг харж байхад зоригтой шийдвэр гаргаач ээ гэдэгт 76 хувь нь саналаа өгсөн байна шүү дээ. Хотын төвд байгаа захуудыг нүүлгэж болдоггүй юмуу. Тэгвэл түгжрэл эрс буурна. Энэ зоригтой шийдвэр юм биш үү?

-Ярихад амархан л даа. Санал тавихад ч амархан. Өнөөдөр захуудыг хотоос гаргана гэхээр тэнд олон мянган хүний ажлын байр байгаа. Орлогоо тасалдуулахгүй  аваад явж байгаа иргэдээ тийшээ нүү, эсвэл ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг наадхаа зогсоо гэж болохгүй. Би бол ийм алхам хийхгүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал заавал цаг хугацаа орно. Би буруу шийдвэр гаргавал гудамжинд явж байгаа иргэн Дорж гуайд маргааш шууд очиж буудаг. Тийм учраас бид маш сайн судалж, цаг хугацаагаа зөв тооцож байж шийдвэр гаргана. Иргэдийнхээ сэтгэл зүрх, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэрийг л хотын дарга гаргана. Хотын даргын үндсэн ажил бол энэ 1.5 сая иргэнийхээ талд байх. Яамны сайд салбарынхаа бодлогыг барьдаг бол Хотын дарга бол иргэдийнхээ талд нийцтэй байдлаар бодлогоо барьж явах ёстой. Зах, худалдааны төвийг гаргана гэдэг бол ярихад маш амархан. Хүнд бол их гоё сонсогдоно. Энийг хийхэд зардал, өртөг гарна, дээрээс нь ажлын байр, нөхөн олговрын асуудал яригдана.

Улаанбаатар хотын их тойрог буюу дөрөвдүгээр тойрог, гуравдугаар тойрог, хоёрдугаар тойрог, Сэлбийн хурдны зам, зам гүрэн байгууламжийг сайн хийчихээд хотын зах руугаа худалдааны төвүүдээ гаргах, дэд бүтэц, газрынх нь асуудлыг шийдэх байдлаар зохицуулалт хийнэ. Тэрнээс нүү гээд нүүлгэчихэж болохгүй. Шийдье гэдэг сэтгэл байгаа боловч суурь нөхцөл нь үнэндээ бас бага байна. Түгжрэлтэй холбоотой асуудлыг урт хугацаандаа, дунд хугацаандаа шийднэ. Нүхэн гарцуудыг хийнэ, нийтийн тээврээ шинэчилнэ. Ковид гайгүй болчихвол татвар, мөнгөтэй холбоотой зохицуулалтыг оруулж ирэхээр санал асуулгыг иргэдээс авна. Ер нь Улаанбаатар хотын иргэд өөрсдөө орлоготой байх ёстой. Татвар төлж байгаа улсууд бол заавал орлоготой байх ёстой. Хотын иргэд буузаа, баншаа, гамбираа, боорцгоо, шөлөө хийнэ үү хамаагүй, хамгийн гол нь эрүүл, аюулгүй байдлаа хангасан байх ёстой. Бусад дүрэм, журам, захиргааны хүнд дарамтыг  арилгана. Мэргэжлийн хяналт бол зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлнэ. Хянаад, шалгаад л, цуцлаад, торгоод явдаг юм байхгүй. Хүнд суртлыг байхгүй болгоно. Улаанбаатар хотын иргэд бол хөдөлмөрлөх шуналтай иргэд байгаасай. Улаанбаатар хотын иргэн болгон хөдөлмөрлөөсэй, өөрсдийн бизнесээ хийгээсэй. Үүнийг хотын даргын хувьд дэмжиж ажиллана. Зүүн Өмнөд Азийн хотууд, Хятадын хотуудын иргэд бүгд тийм байдаг шүү дээ. Гэтэл манайхан хаагаад, хориод хаячихдаг, зөвшөөрөл нэрээр дарамталдаг. Хүний хүсэл мөрөөдөл, хөдөлмөр хийх бүх зүйлийг нь байхгүй болгодог. Тийм учраас төрийн зүгээс татварын маш хөнгөлөлттэй бодлого эхнээс нь явуулъя. Үйлчилгээ нь, тэр бизнес нь босоод ирсний дараагаар татварын бодлогоо үе шаттайгаар хэрэгжүүлье.

Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг: –Улаанбаатар хот дотроо төвлөрчихсөн. Тэгэхээр энэ доторх төвлөрлийг хэрхэн задлах вэ?

-Дэд төвүүд байна. Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төв, Дэнжийн мянга дэд төв, Улиастай, Толгойт дэд төв гээд явж байгаа шүү дээ. Баянхошуу дэд төвд тэр бүтээн байгуулалт, дэд бүтцийн шугам бүгд хийгдчихсэн. Баянхошуунд хотын төвд байхгүй замын уулзварууд  байгаа. Нэгдсэн төлөвлөлтийг нь хийх гэж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр болон “Залуус 1, 2” орон сууцны хөтөлбөрийн хүрээнд нэг хэсгийг нь хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа. Тэгээд тэр хорооллыг дагаад кино театр, ахуй үйлчилгээ, фитнесс, спорт заал гээд яг Улаанбаатар хотын төвд байдаг үйлчилгээний стандарт Баянхошуунд байх ёстой. Наашаа ирэх ямар ч шаардлага байхгүй. Ерөөсөө хотын төвөөс ялгарахгүй орчныг тэнд нь бий болгочихмоор байгаа юм. Мөн Налайхын хурдны зам шиг хотыг тойрсон зам барина. Энэ зам ашиглалтад орохоор Улаанбаатар хотын төвөөр явах автомашины хөдөлгөөн 25-30 хувьтай шимэгдэнэ. Мөн хөдөө орон нутгаас тээвэр хийж байгаа том машинууд болон хотоор дайран өнгөрч байгаа хүмүүс заавал хотын төвөөр явж, бөглөрөөд байхгүй, хотын хоёр талаар тойрч өнгөрнө.

MN25 телевизийн сэтгүүлч Б.Даваахүү: – Ажил эхлэл цагийг урагшуулснаар түгжрэл тодорхой хэмжээгээр буурсан гэдэг зүйл яригдаж байсан. Ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх бодлогод төрийн албан хаагчдын ажлын цагийн зохицуулалт байгаа юу?

-Төрийн байгууллага өглөө эрт ажлаа эхэлнэ. Дагаад л хувийн хэвшлийнхэн ажлаа эрт эхэлнэ. Ялгаа гарахгүй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Зөв ярьж байна. Бат-Үүлийн зөв бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг нь маш зөв. Ер нь залгамж чанар чухал шүү. 

Холбоотой мэдээ