
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл:
- 74 хувь нь үнийн өсөлт
- 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх
- 12 хувь нь авлига, шударга бусаар байдлыг эсэргүүцэх
- 12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байлаа.
Дээрх шаардлагуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой. Мөн зарим шаардлагууд дунд хугацаанд буюу хууль эрхзүйн шинэчлэлтэй холбоотой асуудал буюу 30 жилийн хугацаанд бугширсан шийдвэрлэж чадаагүй асуудал ч байна.
Засгийн газар эдгээр асуудлуудыг нэг дор шийдвэрлэх боломжгүй учраас хамгийн их санал өгсөн үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд хуулийг УИХ-д өргөн барьсан. Зарим арга хэмжээний хувьд стандарт бус арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орж байна. Тиймээс үнийн тогтворжуулах хуулийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж өнөөдөр тус хууль батлагдлаа.
Уг хууль батлагдсанаар хэд хэдэн үр дүн гарна. Тухайлбал, шатахууны үнийг боломжит хэмжээнд барих эрх зүйн орчин бүрдлээ.
Нэгдүгээрт: Мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татааст төсвийн зохицуулалт хийнэ. Тодруулбал, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэл хувьд хүргэж бууруулах зохицуулалт хийнэ. Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэр олгоно. Шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барина. Шатахуун нь үнийн өсөлтөд нөлөөлдөг гол бүтээгдэхүүн. Сингапурын бирж дээр үнэ нь 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан учраас хуулийг яаралтай баталлаа.
Хоёрдугаарт: Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.
Гуравдугаарт: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгоно. Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авна. Дээрх багц арга хэмжээнд нийтдээ 100 орчим сая ам.доллар зарцуулна” гэв.