Ч.Хүрэлбаатар:Төв банкны ерөнхийлөгч, Л.Халтар сайд нарт хариуцлага тооц

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарыг шүүмжилж, тэдэнд хариуцлага тооцохыг санууллаа.

Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгчид хандан “Яаж мөнгөний бодлого инфляцид хамаагүй гэж хэлж чадаж байна” гэлээ. Тэрбээр “Дэлхийн улс орнуудад үнэ өсч, эдийн засгийн өсөлт саарч байна. Өндөр инфляци, өсөлт бага байх үзэгдлийг стагфляци гэж нэрлэдэг. 1970-аад оны үед дэлхийн олон оронд гарсан үзэгдэл юм. Стагфляцийн үед бодлогын ямар арга хэмжээ авдгийг Монголбанк, Засгийн газар сайн судлаарай. Сайн судалж, нөхцөл байдалд таарсан зөв арга хэмжээ авч явах учиртай.

Үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн  талаар өмнө нь ярьж байсан дээрээ нэмээд тээвэр зууч, валютын ханш хоёрыг дурдмаар байна. Нэгдүгээрт, Covid-19-өөс болоод урд хөршийн хил бараг хаалттай, дайны улмаас хойд хил гацаа, саад ихтэй байгаа үед тээвэр зуучлал, ложистик маш зөв зохион байгуулагдах ёстой. Энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Халтар сайд шийдэл ярихгүй зугтаад байх юм. Тээвэр зуучлалын асуудлаа шийдэхгүй л бол тээврийн зардал, инфляци улам өснө.

Хоёрдугаарт, валютын ханшийн өсөлт. Монгол Улс валютын хоёр ханштай болчихлоо. Энэ бол Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил үзэгдээгүй тохиолдол. Ханш унаж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Мөнгөний бодлогоо зөв болгож, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байна. Тээвэр зуучлалын асуудалд алдаа гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, инфляцид мөнгөний бодлого хамаагүй гэж ярьдаг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооц гэж удаа дараа хэлж байна” хэмээлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn