“Алаг үрээ зарна” гэсэн зарыг ойлгохгүй, ахуй соёлоосоо алсарчээ

2021-03-16

“Алаг үрээ зарна” гэсэн зар уншаад “Бурхнаас өгсөн нандин үрээ зарж яаж болох вэ” гэсэн сэтгэгдэл бичсэн тухай цахим ертөнцөд нэг хэсэг шуугисан билээ. Залуучуудын зарим нь үнэхээр л монгол соёлоосоо  холдсоныг илэрхийлэх энэ шуугианы тухай  Ардын багш С.Дулам:

  • “Алаг үрээ зарна” гэсэн зарыг ч ойлгохгүй
  • “Алаг мэлхий” тоглоомныхоо домгийг ч ойлгохгүй
  • Ахуй  соёлоосоо алсарчээ, бид хэмээн фэйсбүүктээ бичиж байв.

Үнэхээр таван хошуу малаа адгуулан амьдарч ирсэн нүүдэлч монголчуудын хувьд мал  зүслэх ёс нь хэл зүйн, утга зүйн гайхамшигтай соёл юм. XXI зууны даяаршил, технологийн эринд залуучууд малаа хариулаад явахгүй ч малаа зүсэлдэг монгол ёсыг мэдээд авчихвал монгол хүн гэдгийн нэг илэрхийлэл болно.Гадаад найзууддаа гайхуулж яривал магадгүй Монголын тухай илүү мэдэхийг хүсч ч болно.

Нүүдэлч малчид эрт дээр үеэс малаа зүсэлж бүртгэж иржээ. Зүслэхдээ ихэвчлэн үсний өнгөөр зүсэлнэ. Адуу, тэмээ, ямаа, хонь, үхэр гээд таван хошуу малаа өөр өөрөөр зүсэлж нэрлэнэ.

Тухайлбал, адууг  хүрэн, хээр, халтар, ухаа, зээрд, хул, хул алаг, хонгор, цавьдар, шарга, саарал, бор алаг, бор/саарал хөхийн холимог/, борлог /цагаан, харын холимог/, цоохор, харлаг, загал, буурал, халиун, халзан, хээр, алаг, хар, шаазгай алаг, хар халтар, улаан буурал,  бүгээн гэх мэтээр нэрлэдэг билээ.

“Жонон хонгор морь” хэмээх дуунд гардаг “жонон хонгор”-ыг жишээ нь “Адууны гялалзсан сортой халиун хонгор зүс” хэмээн “Монгол хэлний их тайлбар толь-д тайлбарлажээ.

Гарчигт дурдсан “алаг үрээ” гэх нь алагласан үстэй үрээ морийг л хэлж буй хэрэг.

Харин тэмээг адуу шиг олон зүслэхгүй. Улаан, цагаан, хар, бор, зандан хүрэн гэж тун цөөхөн тоогоор зүсэлнэ.

  • Зандан хүрэн ат минь ээ хө
  • Замын холдоо жонжоотой доо гэж дуунд гардаг.

“Зандан хүрэн” гэдэг нь хүрэн зандан модны өнгө юм.

Ямааны зүсний тухайд, хөх, хар, улаан,  цагаан, цоохор, зэгэл, хар халзан , хөх халзан гэх мэтээр яг харагдаж буй зүсээр нь нэрлэнэ.

Хонины тухайд,  хар, харлаг, халзан, хар халзан, шар халзан, бор халзан, хөх, хөх хүзүүт, хар хүзүүт, хөх шанаат, шар нүдэн, хар нүдэн, бор нүдэн, хялман, хар түрүүт, бор түрүүт, хөх түрүүт, хундан, хув, хар толгойт, бор толгойт, улаан толгойт гэх мэтээр нэрлэх нь элбэг.

Үхрийн зүс гэвэл, ягаан, хөх алаг, хар тарлан, улаан тарлан, бор тарлан, ухаа, халзан, хүрэн, бидэртэй хүрэн, улаан гэх мэтээр нэрлэнэ.

Дээрх бүхнээс таван хошуу малын зүс ялгаатай нэрлэгдэж байгааг анзаарсан байх. Таван хошуу мал төрөл бүрдээ өөр өөр зүстэй болохоор тэр.

Энэ мэтчилэн малынхаа зүсийг мэдээд авчихвал “Алаг үрээ зарна” гэсэн зарыг андуурч эндүүрч, үр хүүхдээ зарах гэж байгаа мэтээр будилж, монгол соёлоо мэддэг хэсгийнхээ элэг доог болохгүй билээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Уг нь “алаг зүсмийн үрээ морь зарна” гэсэн агуулгыг хэт товчилж зар гаргасан нь буруу ойлголтод хүргэсэн юм биш үү?  Зар сурталчилгааг хэт товчлох буруу зуршил ойлголтын зөрүү гаргах болсныг эрхбиш эрдэмтэд маань ухаарч шүүмжлэхдээ болгоомжтой баймаар юм. 

Холбоотой мэдээ