
Японы Hitachi корпораци энэ сараас эхлэн дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжиж, ажилчиддаа цагийн хуваариа уян хатан зохицуулах боломжийг олгож эхэллээ.
Мөн Panasonic Holdings, NEC зэрэг Японы томоохон компаниуд бас энэ онд багтаан дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжихээр бэлдэж эхлээд байна.
Шинэ журмын дагуу ажилтан Даваагаас Пүрэв гарагуудад илүү цагаар ажилласан тохиолдолд Баасан гарагт амрах боломжтой болжээ.
Өдөрт ажиллах стандарт цаг 7 цаг, 45 минут байдаг. Харин Даваагаас Пүрэв гарагуудад өдөрт 9-10 цаг ажилласан бол Баасанд амрах эрх нээгдэх юм байна.
Үүнээс гадна сарын эхний хагаст уртасгасан цагаар ажиллаад сарын сүүлээр нөхөж амрах боломж нээгджээ.
Япон улсын засгийн газар дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг нэвтрүүлэхэд нь хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх бодлогын баримт бичгийг өнгөрсөн оны зургаадугаар сард баталж байв.
Эх сурвалж: Nikkei