Их Британийн ерөнхий сайд Б.Жонсон Киев хотод гэнэтийн айлчлал хийлээ

Өчигдөр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон дайны нөхцөлд байгаа Украины нийслэл Киев хотод урьдчилж мэдэгдэлгүйгээр айлчилжээ. Мөн Австрийн канцлер Карл Нехаммер тус хотод айлчлан очсон ажээ.

Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах үеэрээ Жонсон зэр зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ амласан гэнэ.

Баасан гарагт Британийн засгийн газар 100 сая фунт стерлингийн үнэ бүхий өндөр технологийн зэвсгийг Украинд нийлүүлэх шийдвэрийг зарласан. Агаарын довтолгоог эсэргүүцэх Starstreak пуужингийн системүүд, 800 ширхэг танк эсэргүүцэх пуужингийн систем багтжээ. Түүн дээр Жонсон айлчлалынхаа үеэр 120 хуягт тэрэг, тэнгисийн довтолгооноос хамгаалах шинэ системийг нэмж нийлүүлэх болсноо Зеленскийд дуулгажээ.

Мөн Жонсон эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ амлахдаа Дэлхийн Банкны $500 саяын зээлд баталгаа олгож, Их Британиас Украинд олгох зээлийн баталгааг $1 тэрбум хүргэхээ мэдэгдсэн байна.

“Өнөөдөр би ерөнхийлөгч бөгөөд найз Зеленскийтэй Киев хотод уулзаж, Украины ард түмнийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ. Оросын харгис түрэмгийлэгчидтэй тэмцэж буй тус улстай эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл болгож санхүү, зэр зэвсгийн шинэ тусламжаа бид үзүүллээ” гэж Борис Жонсон твиттер хуудсандаа мэдээлжээ.

Жонсон уулзалтын дараа гаргасан мэдэгдэлдээ “Украин улс саад бэрхшээлийг даван туулж, Оросын цэргийг Киевийн хаяанаас буцааж чадсан нь 21 дүгээр зууны цэрэг дайны хамгийн аугаа ололт амжилт байлаа. Энэ бол ерөнхийлөгч Зеленскийн тууштай удирдлага, Украины ард түмний дийлдэшгүй баатарлаг эр зоригийн үр дүн юм” гэлээ.

Киев хотод ирэх Европын удирдагчдын айлчлал үргэлжилсээр байгаа. Баасан гарагт Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен мөн Киев хотод хүрэлцэн ирж, Зеленскийтэй уулзсан. Өмнө нь Чех, Польш, Словенийн төр засгийн удирдагчид бас ирж байлаа.

Өчигдөр Киевт ирсэн хүндтэй зочдын нэг Австрийн канцлер Нехаммер хэлсэн үгэндээ Европын Холбоо дайн дуусах хүртэл Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах төлөвлөгөөтэй байгааг батлан илэрхийлжээ. Тэрбээр Австрийн элчин сайдын яам баруун Украинаас Киев хотод буцан нүүж ирэхийг энэ үеэр амласан байна.

Урсула фон дер Ляйен өчигдөр буюу Бямба гарагт Польшийн нийслэл Варшав хотод зохион байгуулагдсан Украины дүрвэгчдэд туслах олон улсын хандивын арга хэмжээнд оролцжээ.

Түүнтэй хамт Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нар байлцлаа. 90 минут үргэлжилсэн арга хэмжээний дараа Украины дүрвэгчдэд туслах санд $11 тэрбумын хандив цуглажээ. Украинд дайн эхэлснээс хойш 4.4 сая хүн эх орноосоо дүрвээд байгаагийн 2.5 сая нь Польш улсад очоод байна.

Хандивын арга хэмжээний төгсгөлд Жон Ленноны хүү Жюлиан Леннон аавынхаа “Imagine” дууг анх удаа олны өмнө дуулжээ.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn