
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл өгч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олон улсын түвшинд шатахууны үнэ 64-70 хувиар өсөх прогноз гараад байна. Үүнд Монгол Улс ч багтах төлөвтэй болж байна.
Хоёр хөрш болон бүс нутгийн хэмжээнд цар тахлын томоохон давалгаа явж эхэлж байна. Дөрөвдүгээр тунгаа идэвхижүүлж бэлтгэл байдлаа хангах зайлшгүй шаардлагатай болж байна.
Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль УИХ-аар батлагдсанаар Засгийн газраас мах, гурил, шатахууны үнэд оролцох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Биднээс хамаарахгүй байгаа зүйл 70-аас дээш хувьд нь байна. Хилийн чанадад болж байгаа нөхцөл байдал дээр үнэндээ бидний хувьд хүч мөхөсдөж байна.
Зохицуулалт хийхгүй бол багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсэж байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр “Оюутолгой, Эрдэнэтийн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэх болно.
Ордон дотор хүч мөхөсдвөл олон нийтэд хандана.
Хөгжлийн банкны асуудалд цэг тавина, шаардлагатай бүх мэдээллийг Засгийн газар гаргаж өгсөн. Тийм учраас үүн дээр хууль хяналтын байгууллагууд хэнээс ч хараат бус ажиллах хэрэгтэй.
Хөгжлийн банкны дараа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина. Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компаниуд байгаа, тэнд төрийн хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байгаа.
Х.Нямбаатар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарсан. Тавантолгой дээр сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим доллараар, хилийн цаана 120 доллар байдаг, дунд нь байдаг 60-70 долларыг илрүүлэх бүлэглэлийг илрүүлэх Ажлын хэсэг байгуулсан.
Зөвхөн энэ далд эдийн засгийг илрүүлэхэд ДНБ хоёр дахин нэмэгдэнэ. Тэнд маш их хэмжээний автомашинууд байгаа. Автомашин дотор А.Адъяасүрэнгээс авахуулаад УИХ-ын гишүүд холбогдсон, цаана нь том лидерүүд байгаа. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй энэ далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 жил гацаасан. Тэдэнд маш их ашигтай байсан.
Би хэзээ ч огцрохоос айх хүн биш, харин энэ бүхэнтэй эвлэрч улс төрийн үхдэл болохоос айна.
Авлигалтай хийх тэмцэлд бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгний хэлснээр огцроод байдаг субъет биш. Би бууж өгөхгүй, хүнд нөхцөл байдлаа иргэдтэйгээ хамт даваад гарна.
Ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. УИХ-ын гишүүд дээр очоод дараагийн Төв банкны Ерөнхийлөгч болно гээд яваад байгаа залуучуудад аятайхан байгаарай гэж хэлье. Амбицаа татаарай.
Ийм нөхцөл байдалтай байхад албан тушаалын төлөө далчиганаад хэрэггүй гэдгийг залуучууддаа хатуухан хэлье. Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй” гэлээ.