Монголд УЦС, ДЦС барих төслүүдийг гацааж ирэгсэд 2023 оноос эрчим хүч хязгаарлаж эхэлнэ хэмээн шүлсээ үсчүүлж эхэллээ

Монгол улсад бүх юм болохоо байчихсаны нэгэн тод жишээ өчигдөр УИХ дээр яригдлаа. Тэр нь ирэх 2023, 2024 онд улс орон эрчим хүчээр дутагдаж эхлэх тухай юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хоёр хөрш хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол Монголд иргэний дайн үүснэ. Халамжид зарж байгаа нэг тэрбум төгрөгөөр бүх суманд 3-5 үйлдвэрийг барих боломжтой. Үйлдвэр барихгүй юм бол бид яаж амьдрах юм.  2023-2024 онд эрчим хүчний хомсдолд орно. 2024 онд  айл өрхүүдийн тог цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ. Цаашид гадаад эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг чөтгөр бүү мэд. Дотроо юу ч үйлдвэрлэж чаддаггүй хэдүүлээ одоо яана вэ?” гэсэн.

Энэ тухай эрчим хүчний сайд Н.Тавинбэх ч сүүлийн үед байнга ярьж байгаа. Тэгвэл энэ бүхэн юунаас болов, хэн ийм байдалд хүргэв гэдгийг авч үзэх ёстой. Ц.Даваасүрэн өөрөө Эрчим хүчний сайд байхдаа 10-аад жил яригдсан 5 дугаар ЦС-ын төслийг царцаасан нөхөр. Одоо тэгвэл юу ярьж байна.

Монгол улс хангалттай эрчим хүчний нөөцтэй ч улстөрөөс болоод ерөөсөө уг хангалттай нөөцийг ашиглах талаар ажил хийдэггүй. Хэдий ярьж, судалдаг боловч түүнийг ажил хэрэг болгодоггүй. 1990-ээд оны эхээр Д.Бямбасүрэнгийн хамтарсан Засгийн газрын үед л “Эгийн голын УЦС” яригдаж эхэлж билээ.

“Эгийн голын УЦС”-ыг барих асуудал 1997 оны үест дахин хүчтэй яригдаж Монгол улсад айлчилсан Малайзийн Ерөнхий сайд Махатхир 330 сая ам.долларын санхүүжилтийг шийдэхээ амалсан. Гэвч М.Энхсайханы Засгийн газар Чехийн “Техно-Арт” хэмээх оффшор компанид уг станцийн тендерийг өгч, С.Зориг агснаар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг уг асуудлыг зогсоосон байдаг. Ингээд л УЦС-ийн ажил зогссон.

Дараа нь М.Энхболдын Засгийн газрын үед “Эгийн голын УЦС”-ын төсөл дахин амилж, сайд асан “Эрэл” Б.Эрдэнэбат нэлээд хүч тавьж байсан ч Оросуудын нөлөө ороод ахин зогсонги байдалд орж билээ. 2012-2016 онд АН-ын тэргүүлсэн Засгийн газар асуудлыг шийдэхийг эрмэлзэж Д.Одхүүг “Эгийн голын УЦС” төслийн удирдлагаар тавьж баахан судалгаа хийсэн ч бас л баригдаагүй. Ийнхүү “Эгийн голын УЦС” төсөл ардчиллын 32 жилд бараг байнга яригдаж ирсэн түүхтэй.

Энэ хооронд манай төр, засгийнхан Шивээ-Овоогийн уурхайд зургаан гегаваттын хүчин чадалтай, нүүрсний эх үүсвэртэй цахилгаан станц барьж хятадад эрчим хүч экспортлох, Бөөрөлжүүтийн 600 мегаватт ЦС, Багануурын уурхайд суурилсан 700 мегаваттын хүчин чадалтай ДЦС байгуулах, Тавантолгойн ДЦС гээд л ярьж өгдөг байв.

Мөн Шүрэнгийн, Эрдэнэбүрэнгийн УЦС-д тэдгээрээс гадна нар, салхины буюу сэргээгдэх эрим хүчний төслүүд ч бөөн бөөнөөрөө яригдсаар ирсэн. Энэ бүхнийг өнөөдөр ч Монголын улстөрд яваа Ц.Даваасүрэн, түүн шиг нөхдүүд гацааж ирсэн.

Одоо гавьяа байгуулсан адил ирэх 2023, 2024 оноос ард иргэдийнхээ эрчим хүчний хэрэглээг танана та нар юу хийж байна гээд тавлаад сууж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn