Омикроны дүү гэгдэх BA.2 мутаци Хятад, Солонгос зэрэг улсуудад эрчимтэй тархаж эхэллээ

2022-03-30
Халдварлах чадвар өндөр омикрон хувилбарын дэд вариант болох BA.2 нь өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн тохиолдлын талаас илүү хувийг эзэлж байна гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гарагт мэдээллээ.
Мөн АНУ-аас гадна Хятад, Өмнөд Солонгос улсад халдварын тохиолдол огцом нэмэгдсэнийг тус хувилбартай холбоотой гэж үзэж байна.
Коронавирусийн омикрон хувилбараас салаалсан дэд хувилбар болох BA.2-ыг 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Энэтхэг, Өмнөд Африкт илрүүлжээ. Энэ нь Омикроны (албан ёсоор BA.1 гэгддэг) мутациас үүссэн гэж үзэж буй дэд хувилбар юм. Харин Омикрон хувилбар нь өөрөө Дельтагийн мутациас үүссэн байдаг.
Нэгдүгээр сарын эхээр халдварын тохиолдол дэлхий дахинаа буурч эхэлсэн ч  BA.2  хувилбар тархаснаар эргэн эрчимтэй нэмэгдэж эхэллээ. ДЭМБ-аас үзэж буйгаар дэлхий дахинаа бүртгэгдэж буй нийт тохиолдлын 86 хувийг BA.2 хувилбар эзэлж байгаа аж.

BA.2 хувилбарын онцлог нь өмнөх омикроны хувилбараас халдварлах чадвар өндөртэй бөгөөд Омикроны BA.1 and BA 1.1 хувилбараар өвчилсөн хүмүүс дахин өвчлөх боломжтой юм.

“Омикроны BA.2 гэсэн хувилбар нь Омикроны эхний хувилбартайгаа харьцуулахад халдварлах чадвар нь 1.5 дахин нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Зарим эрдэмтэд энгийн иргэдэд ойлгомжтой байлгах үүднээс дээрх шинэ хувилбарыг Омикроны дүү эсвэл хүү хувилбар нь гэж хошигнон нэрлэж байна” хэмээн Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлж байсан юм. 

Эх сурвалж: CNN, Aljazeera, CNBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ