“Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” талархал, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа

2021-03-04

МАН үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж НАМЭХ-ноос “Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” талархал,  хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр танхимаар болон цахимаар зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд залуу нас, хүч хөдөлмөрөө зориулсан 70-аас дээш насны 100 ахмад эмэгтэйн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, батламж, дурсгалын зүйл гардууллаа.

Талархал, хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “Улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, Монгол Ардын Намын түүхэн хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй” гэдгийг онцолж,  Ардын нам байгуулагдсан цагаасаа эмэгтэйчүүдийн асуудал, тэгш эрх, эрх чөлөө, хөгжил дэвшилд  цогц бодлого гаргаж анхаарч ирсэн гэлээ.   1921 онд  Ардын засаг байгуулаад эмэгтэйчүүдийн тэгш эрхийг Үндсэн хуулиараа хуульчлан баталгаажуулж өгснөөр  эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өсөн нэмэгдэж,  бүтээн байгуулалт, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд зэрэг  улс орны салбар бүрт тод томруун амжилт бүтээл гаргасаар ирснийг МАН-ын дарга онцолсон юм.

Зуун жилийн хөгжлийн түүхээс харвал, Монголын эмэгтэйчүүд Үндсэн хуулиар эрх, эрх чөлөөтэй болсон цагаасаа эхлэн суралцаж, хөдөлмөрлөж, зүтгэсээр эх орныхоо 100 жилийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Өнөөдөр  эмэгтэйчүүд  эрүүл мэндийн  салбарын  80 гаруй хувийг эзэлж, дэлхий нийтийг цочроосон корона вирусын үед ч ачааны хүндийг үүрч байгаа гэв. Зуун жилд хүн ам зургаа  дахин өсөхөд эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын  хувь нэмэр, алдар гавьяа их байсныг ч хэлэв.

“Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” талархал, хүндэтгэлийн арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл  үг хэлэхдээ, “Зуун жилийн тэртээ үр хүүхдээ төрүүлж өсгөх, асарч халамжлах, гэр орноо сахих, мал ахуйгаа адгуулах зэрэг ахуйн хүрээнд ажиллаж амьдарсаар ирсэн монгол эмэгтэйчүүд Ардын хувьсгал ялсны дараахь жилүүд буюу 1924 онд сонгох, сонгогдох улс төрийн эрхээ анхдугаар Үндсэн хуулиар олж авсан нь нийгмийн амьдралд тэгш оролцох тэрхүү боломж бололцоог бүрдүүлсэн юм. Энэ бол тэгш эрх,эрх чөлөөт нийгэм байгуулах МАН-ын хүмүүнлэг бодлогын үр шим гэдгийг түүхчид, эрдэмтэн судлаачид зүй ёсоор үнэлдэг” гэв.

Аж  үйлдвэр хөгжөөгүй байсан хувьсгалын дараах жилүүдэд Ардын нам харилцан туслалцах хоршоодыг байгуулж, олон зуун хүнийг гишүүнээр элсүүлэхэд эмэгтэйчүүд идэвхийлэн оролцсоноор хамтын хөдөлмөрийн анхны сууриа тавьсан байна. Тэр цагаас хойш эмэгтэйчүүд  тасралтгүй хөдөлмөрлөн, хөгжлийн   хөдөлгөгч хүч болжээ.

Талархал хүндэтгэлийн арга хэмжээнд танхимаар оролцогчид PCR  шинжилгээ өгч оролцсон бол  аймаг, дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл цахимаар оролцов.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Одоо болио “хампаануудаа”! Та нар 30 жилийн өмнөх 70 жилийн бүтээн байгуулалтын дан ганц өөртөө нааж өмчлөх гээд байгаа чинь л та нарыг 100 настай тулхтай улс төрийн хүчин биш гэдгийг харуулж байна. Ямар ч мэдлэг, боловсролгүйн чинь том жишээ. Социалист бүтээн байгуулалт бол аль нэг намынх гэж өмчлөгдөшгүй зүйл юм. Энэ бол тухай цаг үеийн үзэгдэлд нийт Монгол түмэн хөл нийлүүлэн алхаж байсан үзэгдэл гэдгийг эхлээд ойлгочих. Тэр үеийн бүтээн байгуулалт, үйл бүхэн МАН-ынх биш юм. Тэр бол МАХН гэх цор ганц тугийн дор нэгдэх орчин нөхцөлдөө дадан амьдарч байсан нийт Монголчуудын ололт амжилт. Өдгөөгийн та нарт бол падгүй зүйл. Ер нь АН гэхээрээ Ардчилалыг МАН (МАХН) гэхээрээ өмнөх 70 жилийг өмчилдөг ТЭНЭГЛЭЛЭЭСЭЭ аль аль нам чинь эхлээд сал. Өдгөө цагт та нар юу бүтээв ээ гэдгээ өөрсдөөсөө асуу, одоо яг юу хийж тэрний чинь тусгал ард түмний амьдралд яаж тусгалаа олж байна гэдэг асуултанд хариул! Тэрнээс биш өнгөрсөн үеийн та нарт падгүй ололтыг өмчлөн түүн дээр дөрөөллөж ирээдүйд бүх юм сайхан болно гэж амлаж ирээдүй рүү ТӨӨРҮҮЛЭХ ямар ч хэрэггүй. Яг энэ утгаараа бол МАН ч бай, АН ч бай хэн ч туйлдаа хүртэл төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхэд бэлэн биш байгаагийн хувьд УИХ, ЗГ нь МАН-ых байгаа нөхцөлд Ерөнхийлөгч нь АН-ых байх тэнцэл хяналт хэрэгтэй юм. Энийг уг намууд та нар гүйцэд төлөвших хүртэл чинь хуульчилмаар байгаа юм. Ээ дээ ард түмэн минь Ерөнхийлөгчийг МАН-д өгч болохгүй шүү! Эд хангалттай боловсроогүй тийм учраас бид л хэрсүү ухаантай байж АН-аас дэвших хүнд нь Еөкийг нь өгөх хэрэгтэй. Тэгэж гэмээнэ энэ 2 ядмагхан ч гэсэн нэгнээ хазаарламаршүү аялана…

Холбоотой мэдээ