Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын намынхан Ардын засагт хувь тэнцүү орсон нь

Өнгөрсөн зууны эхээр Монголыг ноёрхож байсан Манж гүрэн унах нь тодорхой болж ирмэгц монгол ноёд улсынхаа тусгаар тогтнолыг яаравчлан зарласан. Энэ бол 1911 оны үйл явдал.

Дараагийн жил нь буюу 1912 онд  Манжийн захиргаанд Монгол улсын нэгэн адил  байсан хятадууд  Бүгд найрамдах улс байгуулж, түүнийгээ  Дундад иргэн улс хэмээн нэрийджээ. Улмаар  Хятадууд Монгол болон бусад улсыг өөрийн захиргаанд байх ёстой гэж үзсэн.

Үнэн чанартаа бол  Манжийн захиргаанд орсноороо л адилхан байснаас бус тэс өөр соёл иргэншилтэй, өөр үндэстнүүд байлаа.

Дэлхийн улстөрийн байдал, манай хоёр хөршийн хоорондын хэлэлцэн тохирсон зэргээс болж Монгол улсад хятадын харьяанд Автономит эрх олгосон Хиагтын гэрээ гээчийг байгуулсан нь 1915 он.

Тэгж байтад гурван улсын 1915 оны гэрээг байгуулсан Оросын хаант засаг унаж, дотроо иргэний дайнд нэрвэгдсэнд үүнийг далимдуулан Монголд гамин цэргээ түлхэн оруулсан байна. Гамингийн генерал “Бяцхан” Сүй Монгол улсын хаан Олноо өргөгдсөн Богд Жавзандамбыг хятадын ерөнхийлөгчийн хөрөгт мөргүүлж, Автономийг устгав.

Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээхийг хүссэн монголчууд нам нийлж, сэм сүлбэлдэх боллоо. Энэ үеэс Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын нам үүссэн түүхтэй. Ноёдын намд дэвшилт үзэлтэй ван, гүн, бэйл, бээс, хутагт хувилгаад орж байсан аж.

Харин Түшмэдийн нам нь Олноо өргөгдсөн үед байсан Улсын Доод хуралд сууж Автономитийг устгахын эсрэг саналаа өгч байсан түшмэдээс голчлон бүрдэж байсан юм. Тус бүлгэмийг Хүрээний бүлгэм ч гэх нь бий. Сангийн яамны түшмэл байсан С.Данзангийн ахалдаг уг бүлгэмд Д.Догсом, Д.Сүхбаатар, С.Дэндэв гэх зэрэг бичиг цэргийн түшмэлүүд байсан аж.

Харин Консулын бүлгэмд Д.Бодоогоор удирдуулсан ардын дундаас гарсан лам, энгийн хүмүүс байлаа. 1920 оын 6 дугаар сард Хүрээний болон Консулын бүлгэм нэгдэж, МАН-ыг байгуулсан юм. МАН өөрийн тамгатай болсон ба тухайн үеийн Зөвлөлт Орос улсаас тусламж авахаар долоон хүн томилон явуулсан. Тэд Зөвлөлтийн талаас тусламж хүсч, цэрэг, зэвсэг цуглуулахын зэрэгцээ улмаар 1921 оны 3 дугаар сарын 1-нд Дээд шивээнд МАН-ын Их хурлыг удирдан хийлгэж, Түр Засгийн газар байгуулсан түүхтэй.

Гамин, Баронтой том, бага цөөнгүй тулалдаан хийж ялсан Ардын цэрэг, Түр Засгийн газар Нийслэл хүрээг чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг.

1921 оны 7 дугаар сарын 8-нд Ардын журамт цэргийн хамт Түр Засгийн газар Нийслэл хүрээнд орж ирсэн. Ингээд хуучин таван яамны тамгыг хурааж, Монгол улсын шинэхэн Засгийн газрыг байгуулсан.

Энэ Засгийн газарт зөвхөн МАН-ын гишүүд ороогүй юм. Гамин орж ирэн Автономитыг устгасны дараачаас эх орныхоо төлөө нам нийлж, сэм үгсэж явсан намуудын гишүүдээс Засгийн газарт оруулсан юм. Тухайлан хэлэхэд Ерөнхий сайд ба гадаад хэргийн сайдаар Д.Бодоо, ноёдын намаас Дотоод хэргийн сайдад Да лам Пунцагдорж, Шүүх яамны сайдад Магсаржав хурц, түшмэдийн намаас Цэргийн яамны сайдад жанжин Д.Сүхбаатар, Сангийн яамны сайдад С.Данзан нарыг тавьсан нь МАН төдийгүй Ноёдын болон Түшмэдийн нам Засгийн газарт ижил байр суурьтай орсныг харуулдаг.

Энэ нь Д.Бодоогийн дараах Засгийн газарт ч хадгалагдаж байлаа. Д.Бодоог Ерөнхий сайдын албаа өгсөний дараа Ерөнхий сайдад Жалханз хутагт Дамдинбазарыг, түүний дараа Б.Цэрэндорж гүнг томилсон нь Монголчууд нэг л зорилготой байсныг илэрхийлдэг.

Хожим л энэ түүхийг гуйвуулаад явсан болохоос тэртээ 1910-аад оноос 1920-оод онд Монголчууд дээр, доороо ялгалгүй бүгд л улсынхаа Тусгаар тогтнолын үйлсэд санаа тавьж, түүний төлөө идэвхийлэн зүтгэж ирсэн хэрэг билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • үнэн л түүх дээ  одоогийн залуус л сайн ухаарч Монгол Улсаа, Монгол Төрөө зөв авч явах хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ