Монгол улсаа сэргээн байгуулсан Эх орончдын нам түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна

 Өнөөдөр 3 дугаар сарын 1. Энэ өдөр Монгол улсад анхны улстөрийн нам байгуулагдсан түүхтэй. Тэр өдрөөс хойш 100 дахиа энэ өдрийг тэмдэглэж байна.

МАН-ын “Анхны долоо” гэгдсэн Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын үүсгэн байгуулсан Хүрээний ба Консулын хэмээх хоёр бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд нэгдэж “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн байгууллага болжээ. Монгол улсад ийнхүү анхны улс төрийн нам байгуулагдсан.

С.Данзангийн зандан ширээний хөлөөр Д.Бодоо Ардын намын анхны тамгыг сийлсэн гэдэг.

Тухайн үедээ эдгээр нэр бүхий хүмүүс бол бичиг үсэгтэй, тухайн нийгэм, улстөрийн утга учрыг гүн таньж чадсан хүмүүс байсан гэж үзэлтэй. Хүрээний бүлгийг байгуулсан С.Данзан нь Автономитын үеийн Сангийн яамны түшмэл байсны хувьд тэр үеийн тус яамны сайд Түшээт ван Чагдаржав болон Оросоос томилогдон ирсэн түшмэл И.А.Козин нартай ойр байж, хол, ойрыг эргэцүүлэх боломжтой болсон байсан нь гарцаагүй. Харин Консулын бүлгийг үүсгэсэн Д.Бодоогийн хувьд лам бас Богд Хаант Монгол улсад сууж байсан Оросын Консулын газар болон тэнд ажиллаж, “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийг эрхлэн гаргаж байсан Ц.Жамсран нартай холбоотой, өөрөө тухайн нийгмийг Болд-Илд зэрэг нууц нэрээр нийлэл бичиж, шүлэг хэвлүүлж байсны хувьд мөн л улс гэрээ гэсэн ухамсар өндөртэй нэгэн байсан нь тодорхой. Мөн бусад хүмүүс ч түшмэл Д.Догсом, Д.Сүхбаатар цэргийн даргын алба хашиж, бас гадаад оронд аялаж Л.Лосол, Х.Чойбалсан орост сурч явсаны хувьд нүд нь нээгдсэн хүмүүс байсан нь ойлгомжтой.

Тус байгууллага нь 1921 оны 3-р сарын 1-нд Ар Хиагтад анхны Их хурлаа зохион байгуулж, Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, улмаар Ардын Түр засгийн газрыг байгуулсан түүхтэй.

МАН эгзэгтэй тэр цаг үед Тусгаар тогтнолын төлөөх ард олныхоо хүчийг нэгтгэн, зохион байгуулж, тэмцлийг манлайлан удирдагч болон товойн гарч ирсэн юм. Ийнхүү 1921 онд Монгол улс тусгаар тогтнолоо дахин сэргээж, Монголын ард түмний 200 гаруй жилийн чин хүслэн биелсэн билээ. Хятадын гамин цэрэг, Оросын цагааны оргодол Барон Унгерн тэргүүтнээс эх орноо чөлөөлөх тэмцэлд МАН ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн  шинэчлэлийн  үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй.

1921 оноос хойш МАН эрх чөлөө, тусгаар тогтнолоо гадаад дотоодод хүлээн зөвшөөрүүлж, Бүрэн эрхт Монгол улсаа байгуулахын төлөө олон чухал ажлуудыг хийж ирсэн юм.

1924 онд Улсын Анхдугаар Их хурлыг хуралдуулж, Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан

1945 онд холбоотны цэргийн бүрэлдэхүүнд багтаж Хойд Хятад, Өвөр Монголыг Японоос чөлөөлөлцсөн. Энэ нь Ялтын гурван улсын гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн хэрэг байлаа.

Мөн 1945 онд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулсан юм.

Улмаар 1946 онд Монгол Улсыг Дундад иргэн улс хүлээн зөвшөөрсөн ба тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд НҮБ-д элсэх хүсэлтийг анх удаагаа гаргасан билээ.

15 жилийн нөр их зүтгэлийн дүнд 1961 онд БНМАУ НҮБ-ын гишүүн болсноор Монголын тусгаар тогтнол улам батажсан түүхтэй.

ХХ зууны эхэнд  хоцрогдол доройтлын туйлд хүрээд байсан Монгол орныг  НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, ард иргэд нь эрх чөлөөтэй ардчилсан улс болгосон бахархам түүх МАН-тай салшгүй холбоотой. МАН-ын түүх бол хэн юу ч гэж хэлж, харлуулахыг оролдож байсан Эх орончдын Монгол улсаа сэргээн байгуулан, Тусгаар тогтнолоо олж, хөгжин дэвшсэн түүх юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ