Өнөөдрөөс эхлэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд шүүгчтэй албан ажлаар уулзах үед заавал протокол хөтөлж хадгалуулдаг болов

2021-03-01

Өнгөрсөн онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан билээ.  Уг хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Шударга ёсыг сахиулах амин ач холбогдолтой уг хуульд  шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг   дэлгэрэнгүй тодорхой тусгаж өгсөн бөгөөд  ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо ажиллахаар зохицуулагдсан.  Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хараат бус 9 шүүгч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй,өөрөөр хэлбэл нэр хүндтэй шүүгчид байх юм.

Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилж байхаар заалт орсон.

Сахилгын хороо нь шүүгчийн ёс зүйг хянах бол Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийг хамгаалах чиг үүрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10  гишүүний тавыг шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр  шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн УИХ-аас томилохоор хуульд туссан.

 Шүүгчийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах заалт хуульд орсон нь манайд анх удаа юм.Энэ нь  Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байхаар тусгагдлаа.

Хэрэв  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдан асуудлыг Үндсэн хуулийн цэцэд уламжлуулахаар Улсын дээд шүүхэд хандах ажээ.

Шүүгчид тавигдах болзлыг мөн өндөрсгөсөн. Тухайлбал, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадлагаатай байх заалт туссан нь нэлээд онцлог юм. Мөн сүүлийн зургаан жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байсан хүнийг шүүгчээр томилохыг хориглож өгсөн.

Энэ удаагийн шинэчлэл нь шүүх Ерөнхийлөгчийн буюу нэг хүний хараанд байдгийг болиулж, УИХ-аар дамжиж танилцуулагддаг болсноороо онцлог. Хулиар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно. Ингэхдээ УИХ томилгооны сонсголыг олон нийтэд нээлттэй хийх юм.

Хэрвээ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч нь  хуулийн   болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.  Шүүхийн ерөнхий зөвлөл  Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгохоор зааж өгсөн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ