Уйгаржин,латин,кирилл…уйгагүй оролдсоор нийтээрээ бичиг үсэг мэддэг болсон тухай

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараа байгуулагдсан Богд хаант засаг, 1921 оны Ардын хувьсгалын дараа байгуулагдсан Ардын засгийн аль аль нь хамгийн эхлээд ард олноо эрдэм боловсролд сургахад анхаарсан байдаг. Хүний нийгмийн хэрэгцээ хөгжлийн түвшнээсээ хамаардаг болохоор тэр үеийн хэрэгцээ эхлээд хүн ардаа бичиж, уншиж чаддаг болгох л байв.  Бичиг үсэг л сурчихвал эрдмийн оргилд тооцогдохоор тийм л буурай цаг үе.

1911 он хүртэл   гэрийн сургуульд ноёд,баядын хүүхдүүд цөөн тоогоор, сүм хийдэд лам нар шавилан төвд хэлээр ном үздэг байж. Богд хаан 1911 онд Монголын бүх нутаг  дэвсгэрт сургууль байгуулах зарлиг гаргасан нь ард түмнээ нийтээр нь бичигт сургах  гэсэн анхны оролдлого байв.

Ардын хувьсгал ялах үед хүн амын тоо 647 мянга (түүний 100 мянга орчим нь хятадууд), бичигт үсэгт тайлагдсан нь ердөө гурван хувь байжээ. Тусаар улсаа бие даан хөгжүүлж, мандуулах гэтэл ард олных нь чадвар даанч сул  байлаа.  Иймээс монгол  ард олноо бичиг үсэгт сургах анхны том зорилт  тавив. Бүх нийтээрээ бичиг үсэг сурах хөдөлгөөн өрнөж,   бүх нийтийн үйл хэрэг болгов.   7-13 настай хөвгүүд охидыг сургах бага сургууль 1921 онд байгуулагдахад 600 хүүхэд орж суралцаж эхэлжээ.Харин “бүх нийтийг бичигтэн” болгох зорилтын том хэсэг болсон томчуудад  “Өөрөө сураад бусдыг сурга”-х үүрэг даалгавар өгөв. Ингэж бичиг мэддэг нь бусдадаа бичиг зааж эхэлсэн ба тусгай гэрүүд гарган өгч, түүнийгээ “Улаан гэр” гэж нэрлэжээ. Бичиг үсэгт сурах хөдөлгөөний үр дүнд 1921-1940 онд 127 мянган хүнийг бичиг үсэгт сургасан гэж ЮНЕСКО-гийн тайланд өгүүлжээ.

Гэвч 1930 онд МАХН-ын VIII  Их хурлаас нийтээрээ латин үсэгт сурах  шийдвэр гарав. Латин үсэгтэн болцгоох нь өрнийн соёлтой танилцах, холбогдох томоохон боломж гэж үзсэнээс тэр. Гэвч латинд суралцаад удаагүй  байтал 1940 онд крилл бичигтэн болох шийдвэр гарлаа.

Ингэж дэлхийн хоёрдугаар дайны хүндхэн жилүүдэд цоо шинэ гурав дахь бичигт тайлагдах  сорилттой тэр үеийн монголчууд тулгарчээ. Уйгаржин, латин хоёуланг нь сурсан авхаалжтай хүмүүст харин крилл үсэгт суралцах хялбар байсан биз ээ.Тухайн үеийн  “Үнэн” сонин  уйгаржин, латин, крилл үсэгт хүн амыг сургахад том үүрэг гүйцэтгэдэг байсны баталгаа нь шинэ үсэг бичигт суралцаж эхлэх бүрт цагаан толгойн үсгийг нийтэлдэг, мэдээ мэдээллээ хос бичгээр гаргадаг байснаас илэрхий. Латин үсэгт шилжих шийдвэрийг эсэргүүцэх хүмүүс ч гарч байсан тухай тус сонинд өгүүлжээ. Тухайлбал, латины үсгийг “Ямаан сүүлт үсэг”, “Тогтуургүй үсэг” хэмээх зэргийн элдэв нэр өгч, нэр хүндийг нь унагаж байгаа явдалтай хатуу тэмцэх тухай Цэрэнлхам “Үнэн” сонинд бичсэн байна. Д. Цэрэнлхам нь “Хүмүүн төрөлхтөн” дууг зохиосон Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар ажиллаж байсан эмэгтэй.

1941 оноос бүх  нийтийг крилл үсэгт сургах бэлтгэл ажил (багш нарыг бэлтгэх, ном сурах бичгээр хангах) хийж, 1950-иад оноос 16-40 насны хүмүүсийг нийтээр нь бичиг үсэгт сургах ажлыг эрчимжүүлж,бичиг үсгийн дугуйлан, түр сургуулийг  үйлдвэр, албан газрууд, аймгийн төв, сум, багт байгуулан, хичээл заах орон тооны 300 гаруй багш, орон тооны бус 2000 багшийг төв орон нутагт ажиллуулжээ.  Мөн1950 оны 7 дугаар сарын 1-ээс  эхлэн бүх албан хэргийг шинэ бичгээр хөтлөн явуулах болсон нь хүн амыг бичиг үсэгт сургахад нөлөөлөв.

Ингээд  1956 он гэхэд  насанд хүрсэн нийт иргэдийн 72 хувь нь шинэ үсэг суралцаж,  1962  он гэхэд бүх нийтээрээ бичигтэн болжээ. Бүх нийтийг бичиг үсэгт сургасан  БНМАУ-ын амжилтыг үнэлж,  1970 онд  ЮНЕСКО-гоос Н.Крупскаягийн нэрэмжит бичиг үсэгтний шагналыг олгожээ.

Мөн онд Монгол Ерөнхий боловсролын 870 сургуультай болоод байв. Үүнээс 42 жилийн дараам буюу 2002 онд Монгол улсын санаачлагаар ЮНЕСКО-гоос бүх нийтээрээ бичигтэн болох 10 жилийн аяныг зарласан түүхтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ