Улсын дээд шүүх С.Эрдэнийг ч, Ц.Тувааныг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзав

АН-ын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг Дээд шүүх хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

УДШ-ийн шийдвэрээр АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс, тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэхээс татгалзсан байна.

Тус намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй гэсэн үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү АН-ын жинхэнэ дарга нь хэн байх, хэнийх нь гаргасан шийдвэр эрх зүйн хувьд хүчинтэй байх вэ гэдэг асуудал тодорхойгүй хэвээр үлдэж байна. Гэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээр АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ. Удахгүй АН-ын даргын сунгаа болно, түүнийг дагаад ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хэнийг дэвшүүлэх вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татсаар байгаа.

С.Эрдэнэ үүний сацуу О.Баасанхүүг АН-ын нарийн бичгийн даргаар томилсон нь шүүмжлэл дагуулаад байгаа. Ийнхүү АН эрхзүйн хувьд ахиад л тодорхойгүй байдалд үлдэж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ