Эрүүгийн хэргээр ял авсан хүн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байжээ

2022-03-23

Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-нд болохоор товлогджээ. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшээд байна. Гэвч МҮОХ-ны тулгамдсан асуудал зөвхөн Ерөнхийлөгч болон бусад удирдлагын асуудал биш. Олон жил яригдаж буй Монголын хууль, ОУОХ-ны Харти  болон ёс зүйн зөрчлүүд хуримтлагджээ. Тухайлбал, МҮОХ-ны Ерөнхийлөгч байхдаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан хүн дахин сонгогдож байсан талаар МҮОХ-ныхон өөрсдөө энд бичсэн байна.

 МҮОХ-г 2013 оноос хоёр хүн удирдаж (Одоогийн үүрэг гүйцэтгэгч Наранбаатарыг эс тооцвол) байсны нэг нь талийгаач Д.Загдсүрэн, нөгөөх нь хүн амины хэргээр хоригдож байгаа Н.Түвшинбаяр. Арав гаруй жилийн асуудал бугшсан МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр тэгвэл эрүүгийн гэмт хэрэгтэн сонгогдож байсныг хүмүүс байтугай спортын холбоод нь ч мэддэггүй гэнэ. Монголчууд талийгаачийн ясыг өндөлзүүлдэггүй ёс жудагтай. Гэсэн ч талийгаачтай нэг баг болж, энд өгүүлээд байгаа 10 жилийн асуудлыг хав дарсан нөхдүүд өнөөдөр МҮОХ-г эзэгнэж, хууль бус зүйлсийг нуусаар байгаа нь асуудал юм.

МҮОХ  нь 2004 онд нийт 67720 м/кв эзэмшил газартай байжээ. Тэгвэл  Нийслэлийн Засаг даргын таван  удаагийн захирамжаар өөрчлөлт орж, 3666 м/кв газартай  л үлджээ. Энэ асуудлаар аудит шалгалт хийж,  МҮОХ-ны газрыг албан тушаалаа ашиглан спорт холбоодод дур мэдэн шилжүүлсэн гэж дүгнэжээ. Мөн ТННС-ыг барих үед  банкны зээлэнд нь   баталгаа гаргаж өгсөн, ТННС-ыг шилжүүлэхийг зөвшөөрсөн тухай шийдвэр нь албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завшсан байж болзошгүй, газрыг шилжүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлсэн нөхцөл байдал үүссэн байж болзошгүй хэмээгээд хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэжээ.

МҮОХ аудитын энэ дүгнэлтэд ч хариу тайлбар өгчээ. Тэгэхдээ  талийгаач Загдсүрэнг аль   2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 173 тоот тогтоолоор дээрх газрын асуудлаар эрүүгийн ял сонссон гэжээ. МҮОХ-ноос Аудитын ерөнхий газарт өгсөн хариу тайлбар, саналд “….МҮОХ-ны Ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэнд доорх ялыг оноосон билээ. ЭБШХ-ийн 248 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 1, 301 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг удирдлага болгон тогтоосноор МҮОХ-ны ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэнг хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас ТББ-ын хууль ёсны эрх, ашиг санаархалд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн юм” гэжээ.

МҮОХ-ны одоогийн баг уснаас хуурай гарахын тулд талийгаач даргынхаа хэргийг ийнхүү илчлээд,  аудитын дүгнэлтээс уг асуудлыг хасч өгөхийг хүссэн нь цагаан дээр хараар бичигдсэн  байна.

2014 онд эрүүгийн хэргээр ял сонсож, тэр бүү хэл ажил  албан тушаал хаших эрхээ хасуулсан байтал Д.Загдсүрэн агсан тэр үед хамтрагчидтайгаа асуудлыг хав дарж байгаад хоёр дахь удаагаа 2017 онд МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байх юм. Өнөөдрийг хүртэл МҮОХ-г эзэгнэж байгаа хамтран зүтгэгчид нь ч таг дуугүй байж байснаа “талийгаач бол гэмт хэрэгтэн” гэж зарлаж буй нь үнэхээр ёс жудаггүй л харагдаж байна.

МҮОХ-ноос аудитад илгээсэн “нууц” захидлыг дор нийтлэв. Аудитын дүгнэлт болон уг захидлыг бүрэн эхээр нь аудитын ерөнхий газрын сайт ЭНД дарж  уншаарай. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ