Ж.Долгорсүрэн:Монголчууд бид өөрөө өөрийнхөө хосгүй соёлд эргэж орох, суралцах цаг үе нь ирсэн

 

 -Өвөг,дээдсийнхээ бүтээсэн хосгүй соёлыг үр хүүхдүүддээ өвлүүлэх,Монголынхоо нэрийг дэлхийд өргөхөд соёлын бодлого чиглэж байна-

СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын сургалт судалгааны профессорын багийн зөвлөх, “Сити” их сургуулийн Ахисан түвшний сургуулийн дэд захирал, Соёл судлалын ухааны доктор, профессор Жамъянгийн Долгорсүрэнтэй ярилцлаа.

БИДНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖЭЭР ИЛЭРХИЙЛЭГДЭН БУЙ ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ЦОГЦЫГ  СОЁЛ ГЭНЭ

Бүх нийтэд соёлын боловсрол олгох тухай Соёлын яамны бодлого гарсан. Соёлын боловсрол олгох гэж буй тал нь ч, иргэд ч соёлын талаарх мэдлэгтэй байхаас энэ ажил эхлэх болов уу. Соёл гэж яг юуг хэлэх вэ?

– Орчин үеийн шинжлэх ухаанд соёлыг хэдэн зуугаар тодорхойлсон байдаг. Шинжлэх ухаан яагаад ийм олон янзаар тодорхойлж байна вэ гэхээр соёл гэдэг нь нэгдүгээрт, маш өргөн хүрээтэй, хоёрдугаарт, их гүн гүнзгий агуулгатай, гуравдугаарт, соёл гэдэгт хамаарахгүй нийгмийн хүрээ байхгүй. Тиймээс ч шинжлэх ухааны олон чиглэлүүд, эрдэмтэд соёл хэмээх ухагдахууныг тал бүрээс нь судалж, өөр өөрийн чиглэл, арга зүйн үүднээс олон янзаар тодорхойлсон байдаг. Нөгөө талаас   соёлын өөрийнх нууцлаг, гүн гүнзгий утга чанартай ч бас холбоотой.

Хамгийн энгийнээр авч үзвэл соёл бол хүний мөн чанар илрэн, хэрэгжих түүхэн тасралтгүй үйл явц, түүний үр дүн юм. Соёл нь хувь бодгаль хүмүүнээс авахуулаад үндэстэн, угсаатан, хүмүүсийн хэсэг, бүлэг, нийгэм, хүн төрөлхтөний хүрээнд гэх мэт олон шатлалтай, өргөн цар хүрээтэй зүйл. Value theorry буюу оросоор аксеология ценностей гэх үнэлэмжийн онолоор бол соёл нь үнэт зүйлсийн тогтолцоо мөн.

Тухайлбал, сэтгүүлч Бүдээхүү бид хоёрыг бие биеэс нь ялгаж байгаа хэл аялга,  өөрийгөө авч явж буй хэв маяг, идэж ууж, өмсөж зүүж, үзэж таашааж, сонсож дурлаж, бүтээн туурвиж байгаа бүхэн бидний хувь хүний үнэлэмжээр илэрхийлэгдэж байгаа бөгөөд ингэж бидний эрхэм дээд үнэлэмжээр илэрхийлэгдэн буй үнэт зүйлсийн цогцыг  соёл гэнэ.

Ингэж хувь хүн, угсаатны бүлэг, улмаар үндэстэн, улс, нийгэм өөрсдийн бүтээсэн соёлоороо өөр хоорондоо ялгаран оршдог бөгөөд тэдний тогтвортой оршин тогтнох үндэс нь соёл юм.

Эндээс үүдээд  үнэлэмж гэж юу вэ гэсэн асуулт гарна. Үнэлэмж нь хүний төрөлх мэдрэмж, авьяас буюу өгөгдөл, мөн нийгмээс олж авсан мэдлэг, туршлага зэрэг суурь хучин зүйлсэд тулгуурлан бүрэлдсэн аливаа сонголт хийх цогц чадамж юм даа. Философид үнэлэмжийг субъектээс объектод өгч байгаа үнэлэгээ гэж үздэг. Энэ утгаараа үнэлэмж субъектив шинжтэй юм. Соёл судлалд соёлыг  үнэлэмжээр тодорхойлогдсон үнэт зүйлийн тогтолцоо гэж үздэг.

Соёлыг өргөн утгаар нь аваад үзэхээр түүнд хамаарахгүй зүйл гэж бараг үгүй. Энэ утгаар нь эрдэмтэд соёлыг нийгмийн нэвт систем гэж үзсэн байдаг.

Нийгмийг санхүү, эдийн засаг, материаллаг баялаг дээр суурилсан пирамид гэж үзвэл мөнгө олох, мөнгийг өсгөх, эдийн засгийг хөгжүүлэх, төлөвлөх нь бас тодорхой ухаан бөгөөд үнэт зүйлс юм. Мөнгийг хураах, арвич хямгач байх нь соёл. Нийгмийн суурь болсон эдийн засгаас авахуулаад боловсрол, улс төр, шинжлэх ухаан, шашин суртахуун зэрэг нийгмийн бүх давхаргад оройгоос нь авахуулаад суурийг нь хүртэл тухайн нийгмийн үнэлэмжээр сонгогдсон үнэт зүйлс орших учир соёлыг нийгмийн нэвт систем гэх эрдэмтдийн үзэл хандлага нилээд байр суурьтай байдаг.

СОЁЛООС АНГИД ИРГЭНШИЛ ГЭЖ ҮГҮЙ, ИРГЭНШИХГҮЙ СОЁЛ Ч ГЭЖ ҮГҮЙ

Соёл дээр иргэншил гэдэг үгийг нэмээд авч үзэхээр хөгжлийн түвшин илэрхийлэгдэж байгаа гэж ойлгогддог. Тэгвэл соёл ба иргэншлийн уялдаан дээр түүхэн талаас нь энэ ойлголтыг тайлбарлаж өгнө үү?

-Соёл иргэншил хэмээх ойлголтыг түүхийн гэхээс илүү онолын сэтгэлгээний түвшинд илүү хэлэлцэж ирсэн байдаг. Соёл, соёл иргэншил гэдэг  хоёр өөр ойлголт боловч хоорондоо хүйн холбоотой. Соёл иргэншлийн онолд эдгээр ойлголтыг Освальд Шпенглер, Арнольд Тойнби, Питрим Сорокин зэрэг сэтгэгчид нилээд гүнзгий авч үзсэн байдаг. Жишээ нь,  Германы нэрт эрдэмтэн  Освальд Шпенглер  “Закат Европы” /Европын гудайлт/ хэмээх 1918 онд анх хэвлүүлсэн номондоо “Европ бол хөгширсөн, соёл нь мөхөж доройтох шатандаа орсон” гэж бичсэн байдаг. Европын соёл XIX зуунд ид цэцэглэн мандаж байх үед О.Шпенглер Европын соёл амин чанараа алдаж мөхөж доройтох шатандаа иржээ гэж дүгнэсэн. Түүний онолоор  иргэншил буюу цивилизация /civilization/ гэдэг нь соёлын хөгжлийн мөхөл доройтлын үе шат юм.

Тэрээр соёлыг амьд организм гэж үзээд соёл нь бусад амьд организмын нэгэн адил төрдөг, өсдөг, хөгжиж идэр насанд хүрдэг, буцаад өтөлж доройтох буюу мөхдөг гэсэн соёлын амьдралын мөчлөгийг гаргасан.

Энэ онолоор авч үзвэл соёл нь идэр залуу насны эрч хүчтэй хөгжлийн үе юм. Харин тэр эрч хүч нь суларч доройтох үеийг соёл иргэншил гэж ойлгоно.

Английн соёл судлаач Арнольд Тойнби тодорхой цаг хугацаа, орон зайд орших нийгмиг иргэншил гэж үзсэн. Соёл бол хувь бодгаль хүмүүн, угсаатны гойд сэтгэлгээ, гойд мэдрэмж, авьяас, үнэлэмжээр тодорхойлогддог учир соёл нь хувь бодгалийн эсвэл үндэстэн, угсаатны шинжтэй оршдог. Тэгвэл иргэншил бүх нийтийн эрх ашигт үйлчилдэг, нийтийн шинжтэй юм.

Өөрөөр хэлбэл, хувь хүний, эсвэл угсаатны язгуур сэтгэлгээ, үнэлэмжээр соёл үүсдэг бол иргэншил нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж, нийтлэг үнэт зүйлсийн хүрээнд шилжсэн үнэт зүйлс болоод ирэхээр соёл иргэншилт шатандаа шилжих буюу нийгэм хэмээх соёл иргэншлийн хүрээг бий болгодог гэж үзсэн. Энэ утгаар нь иргэншлийг нийгэм хэмээх ойлголттой дүйнэ гэх үзэл онолыг А.Тойнби хөгжүүлсэн юм.

-Тэгвэл бид соёл, иргэншил гэх ойлголтыг нэлээд хольж, хутгаж хэрэглэдэг юм биш үү?

– Соёлын ангиллын тухай шинжлэх ухаанд соёл иргэншлийг үзэх хоёр чиглэл байна. О. Шпенглер, А. Тойнби, П. Сорокин нарын иргэншлийг соёлоос тусгаар ангид авч үзэх үзэл онол, нөгөө нэг хэсэг нь Америкийн антропологич Ф.Нортроф, А.Крёбер, П.Сорокин нарын ертөнцийн аливаа үзэгдэл өөр хоорондоо тэгтэлээ хатуу зааглагдсан бус, нягт холбоотой гэх үзэл онол юм. Энэ хоёр зарчмын ялгаатай онолын байр сууринаас соёл ба соёл иргэншлийн асуудлыг шинжлэх ухаанд хэлэлцдэг.

Тийм учраас бид монгол хэлэндээ соёл, иргэншил гэдэг үгийг хэрэглэхдээ нэлээд онолын суурь мэдлэгийн үндсэн дээр зөв  хэрэглэх шаардлагатай. Соёлыг ч соёл иргэншил гээд л, соёл иргэншлийг ч соёл гээд нэрлээд байж болохгүй нь байна.

Гэхдээ соёлын үнэт зүйл болгон иргэншилт шатандаа шилждэг учраас соёл иргэншил гэдэг үгийг хэрэглээн дээр хослуулан хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл, соёлоос ангид иргэншил гэж үгүй. Иргэншихгүй соёл ч гэж үгүй.

Америк улс хүн төрөлхтөнд соёл иргэншлийг бэлэглэсэн гэдэг бас нэг нийтийн соёл /popular culture/-ыг судалсан эрдэмтдийн үзэл бий.  Америкт бичиг үсэг, хэвлэл, сүм хийд олноороо үүсэж, хувь хүн, сэтгэгчдийн үнэлэмжээр илэрч бүтээгдсэн үнэт зүйлс ном, хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийн хүртээл болон түгэж тархсан нийгэм соёлын үйл явцыг ингэж үзсэн байдаг. Ингэснээр  бүх нийтийн оюун санааг нэгэн хэвийн хэрэглээ рүү татаж оруулж ирж чадсан.

Ялангуяа хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болж ном хэвлэлийг олон саяар хэвлэн түгээдэг болсныг үүнтэй холбодог. Мөн шашны олон урсгал, шашны олон идеалууд бий болсныг хүн төрөлхтөн иргэншсэн гэж үздэг. Хүн төрөлхтөн хотжоод, хотын байгууламж үүсч, банк санхүүгийн систем бий болсноор иргэншил  үүссэн гэсэн онол ч бий.  Монгол шиг язгуурын соёл сэтгэлгээтэй, үндэсний соёлтой улс орнууд соёлыг хөгжүүлсэн.

Харин иргэншлийг хараахан бий болгож чадаагүй байх тэр үед Америк иргэншлийг бий болгож улмаар өнөөгийн дэлхий нийтийн соёл иргэншил дэлгэрсэн гэж эрдэмтэд бичиж байна. Хэн нэгний, хэсэг бүлэг бодгалийн гаргасан философиор сая сая хүн төрөлхтөн амьсгалж, амьдарч, хөгжлийг бий болгож  байгааг л иргэншил гэж хэлээд, бичээд байна.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ХҮН, БАЙГАЛЬ  ХОЁР ХҮЙН ХОЛБООТОЙ БАЙДАГ, БАЙГАЛИЙГ АРГАДАЖ АМЬДАРДАГ ФИЛОСОФИТОЙ МОНГОЛ СОЁЛ ИРГЭНШИЛ БОЛ ХОСГҮЙ

-Тэгвэл XIII зууны үеийн монголчуудын эзэнт гүрний  байлдан дагуулалт хүн төрөлхтөний иргэншилд ямар нэг хувь нэмэр оруулсан уу?

-Монголчууд хүн төрөлхтний соёл иргэншилд хэд хэдэн томоохон хувь нэмэр оруулсны нэг нь нүүдэлчний онцлогтой сонгодог соёлыг бүтээж, өдийг хүртэл авч явж байгаа цорын ганц улс болж чадсан нь үнэ цэнтэй юм.

Дэлхийн дээр есөн төрлийн нүүдэлчид бий гэж үздэг. Араб сахарын цөлийн тэмээтэй, Тундрын нохойтой, тайгын цаатан  нүүдэлчидтэй харьцуулахад монголчуудын тал хээрийн морьтон нүүдэлчдийн соёл иргэншил маш өвөрмөц.

Байгальд ээлтэй, хүн, байгаль  хоёр хүйн холбоотой байдаг, байгалийг аргадаж амьдардаг философитой монгол соёл иргэншил бол хосгүй.

Үнэ цэн нь үүнд байгаа юм. Байгальд ээлтэй соёлыг бүтээж, хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан нь  монголчуудын маш том хувь нэмэр. Нэг дэх үнэ цэн нь энэ.

Хоёр дахь нь XIII зууны  Чингисийн байлдан дагуулал. Дэлхийг морин туурайгаараа тамгалж, өөрсдийгөө таниулахын зэрэгцээ  дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншлийг хооронд нь танилцуулж, сүлэлдүүлж өгсөн. Хамгийн гол нь бусдын соёлыг устгаж биш, хамгаалж үлдсэнээрээ гайхалтай. Жишээ нь, Хубилай хааны үед Монголын өвөрмөц соёл иргэншлийг авч үлдэхийн тулд дэлхийн шашнуудыг оруулж ирсэн. Ингэж олон шашныг зэрэг оруулж ирж, монголчуудын оюун санааг хятаджих, манжжих аюулаас аварсан.

Олон үнэт зүйл зэрэг дэлгэрээд ирэхээр  нэг талаасаа төөрдөг, нөгөө талаасаа  сонголт хийх боломж олгодог. Төрийн хар хайрцагны бодлого хэмээх энэ ухаан нь монголчуудын хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан үнэтэй хувь нэмэр гэж үзэж болно.

Өнөөдөр ч монголчууд хүн төрөлхтний соёл иргэншилд хувь нэмрээ оруулж яваа. Учир нь монголчууд язгуурын уламжлалт соёлын өвөрмөц хэв шинжээ хадгалж, тэр амьдралаараа амьдарч байна. Асар өргөн уудам нутаг дэвсгэрээ нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа малчдаараа мануулж, малчдынхаа оюун ухаанаар бүтсэн үнэт зүйлсээ бид үнэлж, цэгнэж чадаж байна.

Хүн  төрөлхтний олон өнгийн соёл иргэншил дотор монгол гэсэн өвөрмөц язгуурын соёлоо хадгалж, энэ  үнэт зүйлээ орчин үеийн арга, технологиор дамжуулан дэлхийд гаргаж чадаж байна. Рок поп урлаг, хөөмэй, морин хуур, лимбэний битүү амьсгаа, бий биелгээ, тууль гээд монголчуудын бахархал болсон үнэт зүйлсийг хүн төрөлхтний соёлын нэгдсэн санд бүртгүүлж чадсанаараа, заримыг нь яаралтай хамгаалах өв санд оруулж чадсанаараа, олон улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн бодлогыг өөрийнхөө соёлын бодлогод амжилттай нэвтрүүлж, бас өөрийн орны онцлогт тохируулан хэрэглэж чадсанаараа бид бахархах ёстой.

  НИЙГЭМД СОЁЛ, УРЛАГ СУДЛАЛЫН ҮНЭЛЭМЖ МАШ ДООГУУР БАЙДАГ

-Соёл гэхээр хувь бодгалийн шинжтэй, иргэншил гэхээр нийтийн шинжтэйгээрээ ялгаатай  боловч хоорондоо нягт холбоотой юм байна.  Тэгвэл өнөөдөр манайд соёл, иргэншлийн уялдаа холбоо ямар байна вэ?

-Маш сайн асуулт тавилаа. Энгийнээр хариулья. Нэгэн хөгжмийн зохиолч ая бичиж, өөр нэг зохиолч үг бичиж,  дуучин дуулж, нийтийн хүртээл боллоо гэж бодъё. Энэ бол  нялх балчир соёл төрж байгаатай адил үйл явц.

Телевиз, радиогоор цацагдлаа, олон  улсын патент, зохиогчийн эрхийн  хуулийн дагуу бүх эрхээ хамгаалуулаад гаднынхан худалдаж авлаа, зохиогчид нь мөнгө оллоо. Ингэж тэр уран бүтээл үндэсний болоод дэлхийн зах зээл гарахыг  соёл нь иргэншилт шатандаа шилжиж байна гэж ойлгоно.

Өнөөдөр Монголд нүүдэлчний болон орчин үеийн суурьшмал өвөрмөц соёл иргэншил зэрэгцэн оршиж байна. Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлөөс хол хоцрохгүйн төлөө монгол хүн бүр хичээж байна. Гэхдээ бид гаднын хөгжилтэй уралдах биш, харин тэднээс авах гээхийн ухаанаар бүтээлчээр суралцах ёстой. Өнөөдөр дэлхийн соёл иргэншлээс  ангид зөвхөн өөртөө өөрийнхөөрөө орших соёл иргэншил гэж байх боломжгүй цаг үе. Дэлхий ертөнц улам бүр өөр хоорондоо нягт хэлхээ холбоотой, бие биеэс хамааран орших боллоо. Үүнийг бид боломж гэж харах ёстой.

Тухайлбал, Монгол соёлоо дэлхийн соёл иргэншлийн ай сав руу хандуулах бодлого нь бий болсон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүтэн бүлэг орсон.

Энэ хуулийг боловсруулах багт бид хамт ажиллаж байхад жирийн соёлын ажилтан, уран бүтээлчээс эхлээд улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд бүгд өнөөгийн нийгэмд монгол соёлын давамгайллыг бий болгох, орчин үеийн техник, технологид тулгуурлан монгол соёлыг дэлхийн зах зээлд гаргах замаар Монголын эерэг имиж бүрдүүлэхийн чухлыг ярьж ирсэн.

Бид Монгол соёлоо хамгаалах хэрэгтэй.Хамгаална гэдэг нь эхний ээлжинд бидэнд юу байгааг бүртгэн баримтжуулах, судлах, танин мэдэх хэрэгтэй гэсэн үг. Мэдээж архивлана, музейдээ тавина.

Хамгийн гол нь судалж, мэдлэг бүтээх хэрэгтэй. Монгол соёлын талаарх шинэ мэдлэг бүтээх ажил тийм ч сайн биш байна. Нэг үеийг бодвол судлаач эрдэмтэд төдийгүй Монголын олон нийт үндэсний соёлыг судлах, түүнд суралцахын чухлыг эрхэмлэх болсон. Монгол соёл иргэншлийн судлаач, эрдэмтэд цөөхөн байна. Тиймээс мэдлэг бүтээхийн тулд соёл судлалыг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзээд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 10-р зүйлд соёл судлалын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх заалтууд орсон. Бид өндөр дээд өвөө, эмээгийн бүтээж бий болгосон мэдлэгийн хагасыг л авч үлдэж байна. Бүрэн бүтэн мэдлэг болгож үлдээхийн тулд судлах ёстой.

Судлахын тулд өвлөн уламжлагч нь цөөрч, устаж байгаа өвийг ЮНЕСКО-д болон  өөрийн улсын соёлын өвийн үндэсний бүртгэлд бүртгүүлэх ёстой.

Монгол Улсын Соёлын өвийн төвд соёлын биет болон  биет бус өвийг бүртгэж, үндэсний нэгдмэл мэдээллийн санг бий болгох үйл явц идэвхжиж байна. Сургалт судалгаа ч хөгжиж байна.  СУИС-аас гадна бусад их, дээд сургуулиудад ч соёл судлалын хөтөлбөрүүд нээгдэж, соёл судлаач мэргэжилтэн бэлтгэж, үндэсний эрдэмтэн судлаачид төрж, соёл судлал хөгжиж байна.

Судалгаа, сургалт хоёрыг уялдуулж, тэр мэдлэгийг нийгэмд түгээж, олон нийтийн хүртээл болгох нэн шаардлагатай болсон.  Монголчууд соёлоо ойлгодоггүй, урлаг судлал, соёл судлалд нэг их анхаардаггүйгээс нийгэмд соёл, урлаг судлалын үнэлэмж маш доогуур байдаг.

Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх гэхээр оюутнууд энэ хөтөлбөрийг сонгож орж ирдэггүй. Аав, ээжүүд энэ мэргэжлийн талаар ямар нэг ойлголт төсөөлөл үгүй учраас хүүхдээ соёл, урлаг судлалаар сургахыг ч хүсэхгүй, хамгийн гол нь мэдэхгүй байна.

Энэ бол манай нийгмийн нэг том хоцрогдол. Үүнээс гарах гол гарц, арга зам нь соёл судлал, урлаг судлал хөтөлбөрөөр их сургуульд сурах оюутанд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, босго оноо нь гурваас  доошгүй байгаа магистрант, докторант оюутныг төрөөс гадаадын их сургуульд сургах зардлыг төр харицуах зэрэг бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа.

 СОЁЛЫН АГУУЛГЫГ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ БОЛГОХЫГ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ НЭРЛЭЖ БАЙНА

-Цаашдаа соёл иргэншлийг хөгжүүлэх, энэ чиглэлийн судалгааг хөгжүүлэх ямар гарц шийдэл байна?

-Монгол Улсын Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай тодорхой заалт орсон. Манай эдийн засгийг хөгжүүлэх төрийн бодлогод ч бүтээлч эдийн засгийг хөгжүүлнэ гэж тусгасан байгаа. Сайд, дарга нар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлнэ гэж сүүлийн үед их ярих болсон нь ч энэ хөгжлийн чиг хандлагатай  шууд холбоотой юм.

Жишээ нь, Чингис хааны дүртэй аяга байна гэдэг нь соёлын агуулгыг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож Чингисийн дүр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болсон хэрэг. Ийм маягаар соёлын агуулгыг бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ болгохыг соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж нэрлэж байна.

Соёлын өвийг зах зээлийн эргэлтэд оруулж хэдэн зуу, хэдэн мянга, бүр сая саяар үйлдвэрлээд эхлэхээр соёл нь зах зээлийн хуулиар ашиг орлого олох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болж олон нийтэд түгэж тарах үйл явц нь соёлыг иргэншилт шатанд шилжүүлж буй хэрэг юм.

Монголын төрөөс баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм.

Соёлын тухай Монгол Улсын хуулийн “Соёлын эдийн засаг, үйлдвэрлэл” хэмээх  6-р бүлгийн 34-р зүйлд соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх тухай тодорхой зааж өгсөн. Энэ нь төрийн соёлын бодлогын эрх зүйн үндэс бүрэлдэж байгааг гэрчлэх бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бодлогын тэргүүлэх чиглэл болгож, түүний удирдлага, санхүүжилт, эрх зүйн орчны үүд хаалга нээгдсэн гэж ойлгоно.

Соёлыг хөгжүүлэх нь зөвхөн Соёлын яам, эсвэл зөвхөн соёл урлагийн байгууллагуудын асуудал биш, нийгмийн бүх төрийн институт болон төрийн бус байгууллага, бүх хүний ойлгож, мэдэж, иргэд тэгш оролцож байж хэрэгжих үйл явц.

Тухайлбал, нэг хөгжмийн бүтээлээр жишээлээд үзье. Нэгдүгээрт, хөгжмийн зохиолчийн бичсэн хөгжим үндэсний   нэгдсэн дата бааз буюу бүртгэл мэдээллийн санд орох ёстой.  Хоёрдугаарт, олон нийтэд мэдээлж үнэ цэнийг нь таниулах ёстой. Гуравдугаарт, хэрэглэгчдийн зах зээлийг судлах, дөрөвдүгээрт, маркетинг хийх, тавдугаарт,  уран бүтээлийн үнэлгээний аргачлалыг тодорхойлох, зургаадугаарт, дэлхийн зах зээлд  гаргах гээд дараалсан олон ажил хийгдэх ёстой. Үүнийг олон ажил мэргэжлийн байгууллага, хүмүүс хөдөлмөрөө хоршиж, кластерын зарчмаар хэрэгжүүлдэг олон улсын сайн туршлагууд олон бий.

Бид өөрийн нийгэм, үндэстний онцлогт тохируулаад соёлын зах зээлийг бий болгох замаар соёлын эдийн засгийг хөгжүүлэх ажил өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын нэг.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар  сарын 16-ны 73 тоот тогтоолоор Бүгд найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, Бүгд найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д монгол уран бүтээлчдийг Соёлын яамны дэмжлэгтэй оролцуулах шийдвэр гаргасан. Энэ нь Монголын нүүдэлчний онцлогтой үндэсний соёлыг дэлхийн соёл иргэншлийн хөгжил рүү хөтөлж оруулж байгаа бодит алхам мөн.

Энэ ажил амжилттай хийгдсэнээр, нэгдүгээрт, соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан Монгол үндэстний эерэг имижийг дэлхийн олон нийтэд таниулан ойлгуулах ач холбогдолтой.  Хоёрдугаарт түүх, соёлын өв, урлагийн бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулж улсын эдийн засагт соёлын эдийн засгийн оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлнэ. Өнөөг хүртэл олон улсад Монголыг мэддэггүй, монголчуудыг зэрлэгүүд гэж ойлгодог хүмүүс байсаар л байна.

Гадаад ертөнцөд биднийг Оросын Монгол, эсвэл Хятадын Монгол гэж ойлгодог хүмүүс байж л байна. Жишээ нь, ОХУ-ын Санкт-Петербургийн Эрмитажид Монголын тасаг байхгүй, Хятад гэсэн нэртэй тасаг  дотор Монголын жижигхэн буланд хэдэн үзмэр байдаг.

Дэлхийн аялал жуулчлалын төв болсон Эрмитаж музейг үзсэн олон хүнд тусгаар орших Монгол Улсын талаарх зөв ойлголт төрүүлэхгүй, Хятадын монгол мэт ташаа ойлголт төрүүлэхүйц музейн үзэсгэлэн дэглэлт ийм байдлаар олон жилийг үдсэн. Өнөөдөр Монгол судлалын үндэсний зөвлөгөөн дээр С.Чулуун академич Эрмитажийн номын санд хадгалагдаж байгаа Монголын талаарх бүх ном, хэвлэлийг монгол хэл дээр орчуулж, хэвлээд дуусч байгаа тухай ярьсан нь сайхан мэдээ байлаа.

Монголын олон нийт бидний өвөг дээдсийн бүтээсэн ямар соёлын өв, үнэт зүйл дэлхийн хаана, хаана түгэж тархсан тухай мэдэж байх ёстой. Соёлоо аль болох  импортолж, бас экспортлох тусам  Монголын соёл иргэншил дэлхийн соёл иргэншлийн ай савд өөрийн баттай орон зайг бий болгож хөгжинө. Тэр хэмжээгээр улс орны маань эерэг имиж бүрдэж дэлхийн олон нийт Монгол Улсыг маань, Монгол үндэстнийг маань таньж мэднэ, улмаар бидний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, бидэнд хүндэтгэлтэй хандах өргөн нөхцөл боломж бүрднэ. Монголын түүх, соёлын талаар аль болох олон хүн мэдэх тусам хадгалагдана, хамгаалагдана.

Соёлын талаар мэдлэг бий болгоно гэдэг нь хамгаалж буй хэрэг юм.

Иймд соёл судлал, урлаг судлал, монгол судлалыг хүчтэй хөгжүүлэх цаг нь ирээд байна. Монголын тэргүүлэх зэргийн их сургуулиудад “Соёл судлал”, “Урлаг судлал” хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшинд мэргэжилтэн бэлтгэж, үндэсний эрдэмтэн судлаачид төрж, шинжлэх ухааны бүтээл туурвил дэлгэрч байгаа нь үндэсний соёл судлалын өнөөгийн бодит хөгжлийг харуулж байна. Засгийн газар ч энэ тал дээр анхаарч төрийн бодлогын түвшинд дэмжих болсон.

Уул уурхайгаа ухаж байхын оронд өвөг дээдсээс өвлөж авсан үнэ цэнтэй зүйлээ судлан таньж, соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний бараа бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргаж амьжиргаагаа залгуулах төдийгүй эдийн засгийн ашиг олох боломж бидэнд бий.

Монгол Улсын Их Хурлын 52 тоот тогтоолоор батлагдсан Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын 4.1.8-д “Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж соёлын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёл, урлагийн зах зээлийг өргөжүүлэхэд салбар хоорондын уялдаа, холбоог сайжруулах” гэсэн заалтыг бид судалж мэдэх ёстой, бас хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иймд монголчууд өөрийн түүх, хэл, соёлтой тусгаар улс гэдгийг дэлхийн олон нийтэд таниулах зөөлөн хүчний бодлогыг Монгол Улс амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Төрийн бодлогын цөм нь үндэсний нэгдмэл үнэт зүйлсэд суурилна.

  БҮХ НИЙТИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МОНГОЛ ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ БИЙ БОЛГОХОД ОРШИНО

-Соёлын тухай мэдлэгтэй байхыг соёлын боловсролтой хүн  гэж хэлж  болох уу. Соёлын боловсрол нь нийгэмдээ болоод хувь хүнд ямар ашиг тустай вэ?

– Бүх нийтийн соёлын боловсролын зорилго монгол үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бий болгоход оршино.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2.6.2.2-т “Бүх нийтийн соёлын боловсрол арга хэмжээ дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулан хэрэгжүүлнэ” гэж заасан.

НҮБ-аас “Соёлын боловсрол нь үндэсний болон хүн төрөлхтний соёлын үнэт зүйлийг хүртэх, эзэмших мэдлэг, ур чадвар, зөв хэвшлийн цогц чадамжтай болох үйл явц, түүний үр дүн” гэх утгаар авч үзсэн. Өөрөөр хэлбэл, соёлын талаарх мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлснээр  хүн ам, ялангуяа хүүхэд, залуучууд маань би хэн бэ, бид хэн бэ гэх өөрөө өөрийгөө танихуйд суралцана.

Тэр хэмжээгээр соёлын боловсрол олж авч монгол хүн гэдгээ ухамсарлана гэсэн үг. Өнөөдөр  олон гэр бүлд  хүүхдүүд англиар хэлд орж байна.

Монгол соёл гэдэг маань зүгээр нэг монгол хэлээрээ ярихын, монгол хоолоо идэхийн, монгол дээлээ өмсөхийн төдий зүйл биш юмаа. Өвөг, дээдэс маань асар их зовлон туулж, цус, нулимсаараа энэ дахин давтагдашгүй соёлыг бүтээж, дэлхийн 200 гаруй тусгаар тогтносон улсын дотор Монгол гэдэг нэрээ тамгалж үлдээсэн.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ их гүн хүндэтгэл, улс төрийн нэр хүнд, түүний гол онцлог болсон соёл иргэншлээ бид үр хүүхдүүддээ ойлгуулж таниулан өвлүүлэх шаардлагатай юм.

Өнөөдөр Улаанбаатар зэрэг хот, төв суурин газарт амьдардаг олон айл хүүхдүүдээ хөдөөгийн монгол ахуйтай танилцуулж, монгол амьдралын гүнд оруулж чадахгүй өсгөж байна. Тэр хэмжээгээр хүүхдүүд маань байгальд ээлтэй монгол соёлын орчноос холдон тасарч, хиймэл зохиолмол хот суурин амьдралыг шүтэх боллоо.

Энэ бодит байдал нь хүүхэд залуучуудыг монгол амьрал ахуйгаа мэдэхгүй, түүний үнэ цэнийг ойлгохгүй, улмаар “хоцрогдсон бүдүүлэг зүйл” мэтээр ойлгоход хүргэж байна. Өөрийн үндэсний соёлоос ийнхүү холдон хүнийших үйл  нь нөгөө талдаа бусдын соёлд татагдан орох, өөр соёлд уусан хайлах  бодит байдлыг үүсгэдэг. Энэ байдал өнөөгийн монгол соёлд тулгараад байна.

Тиймээс бид өнөөдөр хүүхэд залуучуудыг өөрийн монгол соёлд нь сургах (Inculturation culture)  ажлыг хийх томоохон сорилттой учраад  байна. Монголчууд бид хамгийн эхлээд өөрийн монгол соёл, суртахуунд суралцах,эргээд өөрөө өөрийнхөө соёлд орох  хэрэгтэй байгаа юм.

Үүний тулд соёлын боловсрол олгох ажлыг бодлогоор авч явахаас өөр аргагүй. ЕБС-ийн сурах бичгийн агуулгад монгол үндэсний түүх, соёлын мэдлэг олгох агуулга улам бүр ховордсон байна гэж Ж.Өнөрбаяр академич өөрийн судалгаанд үндэслэн өнөөдрийн монгол судлалын үндэсний хэлэлцүүлэг дээр ярьж байна.

ЕБС-ийн монгол хэлний сургалтад академик буюу хэл зүйжсэн дүрмийн мэдлэг олгох агуулга давамгайлж байгаа нь сургалтыг сонирхолгүй, үр өгөөж муутай болгож байна гэж тэрээр дүгнэсэн. Дүрэм заахын зэрэгцээ монгол хэлээрээ зөв сайхан ярьж сурах,  монгол соёл, зан заншлаа авч үлдэх агуулгатай үндэсний сурах бичигтэй болох цаг ирсэн байна.

Мөн албан бус сургалтын агуулгад үндэсний үнэт зүйл, соёлын өв, үндэсний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг суулгаж өгөх шаардлагатай. Үндэсний соёлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгож байгаа нь ерөөсөө шинэ цаг үеийн соёлын эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх нэн тэргүүний шаардлагаас урган гарч байгаа юм.

Товчхон хэлэхэд шинэ соён гэгээрлийн бодлогыг боловсруулан гаргах цаг нь болжээ гэдгийг өнөөгийн нийгэм, соёлын бодит байдал харуулж байна. Үүний тулд Соёлын яам бүх нийтийн соёлын боловсролын бодлого боловсруулах ажлыг эхлүүлж, захиалгат судалгааг эрдэмтдээр хийлгэж байна.

 ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙ ЯЛГААНААС БОЛООД СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН ЯЛГАА БИЙ БОЛСОН

-Судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн үед төрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй судалгаанд тулгуурлан хийх болсон нь дэвшил юм. Тухайлбал, Бүх нийтийн соёлын боловсролын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Бүх нийтийн соёлын боловсролын нөхцөл байдлын шинжилгээ” тоон судалгааг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулан хийж байна. Соёлын боловсрол гэдгийг хүмүүний тасралтгүй суралцахуйн үйл гэж үзэж байна.

Иймд манай эрдэмтэд  ЮНЕСКО-гоос гаргасан суралцахуйн дөрвөн зорилт (Four Pillars of Learning)-д тулгуурлан тоон болон чанарын судалгаа хийж байна. Энэ хоёр судалгааны үр дүнд тулгуурлан бүх нийтэд соёлын боловсрол олгох хөтөлбөрийг боловсруулна. Судалгааны явцаас харвал, Монголын олон нийт олон сувгаар мэдээ мэдээлэл хүлээн авах өргөн боломжтой болсон учир аливаад суралцах өргөн боломж нээгдсэн. Гэвч юунд суралцах, яаж суралцах гэдэгт асуудал байх шиг байна. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсээр хүн амыг боловсруулах шаардлага байна гэж харагдаж байгаа.

Хүн амын амьжиргааны түвшний ялгаанаас болоод соёлын боловсролын ялгаа бий болсон.

Зөвхөн Улаанбаатар хотоор аваад үзэхэд л Сонгинохайрхан дүүргийн уулан дээр бор гэрт төрж, өсөж байгаа хүүхэд, залуучууд, хотын төвийн дүүрэгт, эсвэл Зайсанд амьдардаг айлын хүүхдүүдийг тасралтгүй суралцах боломжийн хувьд харьцуулахад ихээхэн ялгаатай байна. Үүний зэрэгцээ хаана, ямар амьжиргааны түвшинтэй байгаагаас үл хамаарсан соёлын боловсролын ялгаа бас байна.

Тэгэхлээр соёлын боловсролын ялгааг үүсгэж буй хүчин зүйлсийг тодруулах, түүний нөлөөллийг тодорхойлох нь маш чухал юм.

Өөртөө итгэлтэй, би монгол хүн гэдгээ мэдсэн, мэдэрсэн, монгол хүний эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлсээр бахархдаг залуу үеийг бий болгоход соёлын бодлого чиглэж байгаа.

Засгийн газраас боловсруулж буй хүний хөгжлийн цогц бодлогод бүх нийтийн соёлын боловсролын бодлогыг боловсруулж оруулах, түүний дотор соёлын боловсролыг бүх насны хүмүүст хэрхэн яаж хүртээмжтэй, чанартай олгох вэ гэдэг арга замыг тодорхойлоход энэ судалгааны зорилго оршиж байна. Төр, засаг, олон нийт, төрийн бус байгууллага, иргэн бүр бүгд  хамтран соён гэгээрлийн бодлогын үндсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ гэж бид харж байгаа.

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИАР БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА НАР СОЁЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН БАЙДАГ

-Захын хорооллын болон Зайсангийн хүүхдүүдийн соёлын боловсрол асар их ялгаатай тухай ярилаа. Тэгэхээр монгол соёлдоо орж суралцах, монгол соёлын үнэлэмжтэй болох нь  хүн амын амьжиргааны түвшнээс шууд хамаарах нь байна?   

-Бүхэлдээ биш юм гэхэд ямар нэг хэмжээгээр хамаарч байна. Гаднаас нь харахад сайхан тав тухтай орчинд амьдарч байгаа ч гэсэн гэр бүлийнх нь орчин, өдөр тутмын амьдралын хэв маяг, зан суртахуун, ёс жудаг, харилцаа гээд дотоод уур амьсгалаас харахад соёлын боловсрол олгох, ялангуяа хүүхдийг энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, эерэг хандлагатай, бүтээлч монгол хүн болгож сургаж хүмүүжүүлэх байдал янз бүр л байгаа бололтой.

Монгол соёлыг өвлүүлэн уламжлуулах тухай асуудал бол хэсэг бүлэг хүний асуудал биш шүү дээ. Монгол овог, угсаанаас төрсөн, монгол гэж өөрийгөө нэрлэдэг дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа хүн бүхэнд монгол соёлыг хадгалж хагаалах, өвлүүлэн уламжлуулах асуудал ихээхэн хамаатай юм.

Тийм учраас төрийн бодлого, шинжлэх ухааны бодлогод соёлыг судлах, соёлд суралцах тухай асуудал жин дарж байдаг.

Их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, албан бус боловсролоор монгол соёлын боловсрол олгох ажлыг байнга тасралтгүй хийж байх нь чухал. Бүх шатны боловсролын байгууллага, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа, урын сангийн бодлого, төлөвлөлт монгол соёлын өвийг түгээх, дэлгэрүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлйиг судлан, сурталчлахад шууд чиглэсэн төлөвлөгөө, хөтөлбөртэй байх ёстой.

Өнгөрсөн нийгэмд боловсрол, шинжлэх ухааны болон театр, музей, ном зэрэг соёл, боловсролын байгууллагууд нэг талаас эх орондоо орчин цагийн дэлхийн боловсрол, соёл, урлагийг хөгжүүлэх мэргэжлийн байгууллага болж хөгжиж төлөвшиж ирсэн. Нөгөө талаас өмнөх нийгмийн үед  хүн амыг коммунист ёс суртахуун, социалист аж төрөх ёсонд сургаж соён гэгээрүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Тэгвэл одоо энэ цаг үед бид ирээдүйн монгол хүнийг бэлтгэж, хөгжүүлэхэд сургалт, судалгаа, урын сангийн болон соёлын өвийг хамгаалах бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх хэрэгтэй болж байна. Үүний тулд соёл, урлагийн байгууллагуудын бодлого, төлөвлөлтийг цоо шинэ концепцоор хийж монголчуудын оюун санааны хөгжлийг манлайлан түүчээлэх шинэ шаардлагатай тулгараад байна.

Соёлын яам болон аймаг, орон нутгийн Соёлын хэлтэсүүд  соёл, урлагийн байгууллагууд уран сангийн бодлого, соёлын үйл ажиллагаагаа ирээдүйн бүтээлч монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглүүлэх үүрэг хүлээж байна. Үүнд л бодлого, төлөвлөлт, хөрөнгө санхүүжилтээ чиглүүлэн зарцуулах шаардлагатай.

Соёлын тухай хуулиар бүх шатны Засаг дарга нар соёлын бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Аймаг, хот, сум, дүүрэг бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой учраас орон нутгийн соёлын бодлого нь аймаг, хот, сум бүхэнд өөр өөрийн онцлогоор боловсрогдон хэрэгжих учиртай. Өөрөөр хэлбэл, аймаг, хот, сум бүхэн өөр өөрийн угсаатны соёлын онцлогийг хадгалсан орон нутгийн соёлын бодлого хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.

Энэ нь аймаг, орон нутгийн хүн амд тухайн угсаатны бүлгийн уламжлалт соёлыг хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаарх асуудлыг шийдвэрлэх үүрэг, хариуцлага хүлээдэг. Үүнд амьжиргааны түвшингээс илүү тухайн орон нутгийн удирдлагын болон гэр бүлийн соёлын онцлог, ёс заншил ихээхэн нөлөөтэй юм.

 ХАРИЛЦААНЫ СОЁЛ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ БОЛ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВД ХАМААРНА

-Монголчуудад өвлөгдөж ирсэн биет ба биет бус өв соёл гэж байна. Үүнээс гадна нийгмийн харилцааны соёл гэж орчин үеийнхэнд нэн хамаатай асуудлын талаар хэлж өгнө  үү?

-Соёл бол ерөөс харилцаа юм. Ямар харилцаа вэ гэхээр  хүн – байгалийн, хүн – хүний хоорондын, хүн – нийгмийн гурвалсан харилцаанд соёл оршдог. Жан Жак Руссогийн гурвалын онолоор үүнийг тайлбарлаж болно.

Өөрөөр хэлбэл, үнэн ба худал, сайн ба муу, сайхан ба муухай гэх шалгуураар соёлын үнэт зүйлс хэмжигдэж тодорхойлогддог аж.

Хүн өөрийн оршихуйг хангахын тулд байгалийг таньж мэдэх, хүн хүнээ таньж мэдэх, аливаа үзэгдэл, юмсын мөн чанарыг таньж мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэлээр шалгарсан үнэт зүйлсийн тогтолцоог бүтээсэн. Эдгээрээс үнэн ба худал хэмээх шалгуураар шинжлэх ухааны үнэт зүйлс тодордог.

Хүн хоорондын харилцаанд ёс зүйн асуудал яригддаг. Энэ нь сайн ба муу гэх шалгуураар хэмжигдэнэ. Үүний цаана сайхан ба муухай гэх шалгуураар тодрох үнэт зүйлсийн хүрээ байна. Энэ нь хүмүүний дээд оюун санааны ертөнцөд бүтээгддэг, сайхны хуулиар хэмжигддэг урлаг хэмээх  үнэт зүйлс юм. Эдгээр үнэт зүйлсийн тогтолцоог өргөн утгаар нь соёл гэж ойлгоно.

Цаг хугацаа бүхэнд өөр өөрийн хэмжүүр бий. Иймд нэг цаг үеийн хэмжүүр өөр нэг цаг үед тохирохгүй байх нь бий. Гэвч цагийн шалгуурыг давж гарсан үндэсний уламжлалт соёлын үнэт зүйлс бол хуучирдаггүй, үнэ цэнээ алддаггүй. Үүнийг соёл өв гэж нэрлэдэг. Соёлын өвийг дотор нь биет болон биет бус гэж ангилна. Харилцааны соёл, ёс зүйн асуудал бол соёлын биет бус өвд хамаарна. Монголчуудын хувьд уламжлалт харилцааны үнэт зүйлс их тогтвортой хадгалагдаж ирсэн байдаг. Энэ нь Монголын уламжлалт амьдрал, соёлын иргэншлийн онцлогтой холбоотой юм.

Гэхдээ 1990-ээд оноос нийгмийн систем өөрчлөгдөж шилжилтийн үйл явц өрнөж, олон ургальч үзэл, ардчиллын үнэт зүйлс түрэн  орж ирснээр зарим уламжлалт үнэт зүйлс эвдэрч, “би”-изм буюу эгоизм газар авч, мөнгөөр бүхнийг хэмждэг зэрлэг капитализмын харилцаа ноёлох болсон.

Үүний улмаас үнэн гэдэг байхгүй болж, худал хуурмаг, хувь хүний ашиг сонирхлын өнцөгөөс аливаа зүйл хэмжигдэж, нийгмийн оюун санаа, улс төр, эдийн засаг хямарч, улмаар нийгмийн ёс суртахууны хямрал, оюун санааны доройтол газар авч байна. Тухайлбал, соёл, урлагийн салбарт  уран бүтээлчийн болон соёлын ажилтны ёс зүйн асуудал хурцаар тавигдах болов.

Музейн ажилтан үзмэрийг хадгалах, хамгаалах үүрэгтэй. Гэтэл өөрөө хулгайчтай нийлж, музейн үзмэр хулгайлж зарах явдал хэд хэдэн удаа гарсан. Зарим шоу цэнгээнд уран бүтээлчид үзвэрийн танхим дүүрэн үзэгч цуглуулчихаад тоглох ёстой зарласан цагаас хоцорч орж ирж буй байдал нь ёс суртахууны доройтлыг илтгэж байна.

Хотжих үйл явц нь хүн амын хэт нягтралыг буй болгож улмаар авто замын түгжрэл, архидалт, гэр бүл салалт гээд нийгмийн харилцаанд олон бэрхшээл бий болгож байна. Мөн улс төрийн хямрал, төрд ажиллаж буй хүмүүсийн өөрсдийнх нь ёс суртахууны алдаа, завхрал, удирдлагын сул дорой байдал олон нийтэд буруу үлгэр үзүүлж, сөргөөр нөлөөлж байна.

Ёс суртахууны хямрал бол соёлын доройтол. Тиймээс бид монгол ёс суртахууны үнэт зүйлээ нэгдүгээрт, бүтээх, хоёрдугаарт, хадгалах, гуравдугаарт, үнэ цэнийг нь хамгаалж авч явах ёстой.

-Социализмын он жилүүдэд манай соёл, урлагийн байгууллагууд их сайн хөгжсөн байдаг. Одоог хүртэл тэр хөгжлийн суурь л соёл,урлагийн байгууллагуудыг авч яваатай Та санал нийлэх үү?

-Санал нэг байна. Өнгөрсөн нэг зуун жилд Монгол Улсад соёлын бодлогын шинэчлэл яаж явж ирсэн талаар би нэг судалгааны өгүүлэл бичсэн нь саяхан хэвлэгдсэн байна лээ. 1917 онд Орос оронд гарсан  Октябрийн хувьсгалын нөлөөгөөр 1921 онд Монголд Ардын хувьсгал ялснаар орчин үеийн боловсрол, соёл, шинжлэх ухааныг Монгол оронд хөгжүүлэх боломж нээгдсэн.

Олон улсын жишгээр мэргэжлийн боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн байгууллагын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлсэн. Энэ бол үнэлж баршгүй том дэвшил.

Өнөөдрийн Монголын соёл, урлагийн байгууллагуудын материаллаг бааз, хүний нөөц, ном, сурах бичиг, судалгааны бүтээлүүд зэрэг дэд бүтэц бүгд социализм байгуулсан 60 жилд бий болсон.  Өнөөдөр бүх аймаг театр, музей, номын сантай, бүх сум Соёлын төвтэй байгаа нь өнгөрсөн нийгэмд бий болсон материаллаг бааз юм.

1990-ээд онд нийгмийн том давалгаа орж ирж, социалист, коммунист ёс суртахууныг халж, соёл, урлагийн байгууллагуудын тогтолцоог нураасан. Гэхдээ мэдээж сайн тал нь  орчин үеийн боловсрол, соёл, шинжлэх ухааны дэлхийн тогтолцоог оруулж ирсэн.

Харамсалтай нь энэ дунд асар олон зүйл золиослогдож, хаягдаж, арчигдаж, үнэлэмж нь унаж, устаж алга болсон. Номын сангуудийн фондын баахан ном машин машинаар ачигдаж наймаачдын гарт орж зарагдаж, зарим нь гадаадад гарсан.

1990-ээд оны эхээр нийгэм өөрчлөгдөж байх үед зарим соёлын төв халаалтгүй болж өвөл хаалгаа барьсан. Олон театрын уран бүтээлч, соёлын ажилтан ажлаас гарч үүргийн наймаанд явсан.

Өнөөдөр ч нийгмийн оюун санааны шилжилт дуусаагүй л байна. Энэ шилжилтийг дуусгаж, дээр хэлсэнчлэн өөрийн соёлдоо эргэж орох, өөрийн үндэсний соёлын үнэт зүйлд хүүхэд залуу үеийг сургаж хүмүүжүүлэх шаардлагыг олж харж, соёлын бодлогоо шинээр томьёолж, боловсруулан Соёлын яамыг байгуулж, соёлын бүтээн байгуулалтууд өрнүүлж байгаад соёл судлаачийн хувьд үнэхээр их талархаж байна.

 СОЁЛ, УРЛАГИЙН  БАЙГУУЛЛАГУУД БОЛ НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, СУРГАЛТЫН ТАЛБАР БАЙХ ЁСТОЙ

-Соёлын тухай мэдлэгийг хүмүүс хаанаас олж авах вэ?

-Соёлын тухай мэдлэгийг шинжлэх ухааны мэдлэг, ардын мэдлэг гэж хоёр ангилж болно. Шинжлэх ухааны мэдлэгийг судалгааны бүтээл, ном, сургалтаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж авч болно.

Хамгийн үнэ цэнэтэй, ховор, дахин давтагдашгүй мэдлэг нь ардын мэдлэг юм. Монголчуудын ардын уламжлалт мэдлэг бол үнэхээр гайхамшигтай.

Тэнгэрийг харж шинжээд маргааш ямар өдөр болох, энэ жил ямар жил болохыг тодорхойлдог. Таван хошуу малынхаа зан аяг, араншин байдал, өвс ургамалын гарц зэргийг шинжээд ямар зун, ямар өвөл болохыг урьдчилан тодорхойлдог. Ургамал, амьтныхаа аяг  байдлыг харж шинжээд өвөлжөө, хаваржаагаа тодорхойлдог гэх мэт  хүн эмнэл зүй,  мал эмнэл зүй, одон гараг, зурхай зэрэг мэдлэг бүхэн нь судлагдаж, шинжлэх ухааны эргэлтэд орж амжаагүй байгаа.

Эдгээр том ухааныг өвлүүлэн, дамжуулах замаар ирээдүйн монгол хүнийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай бид тулгараад байна л даа. Соёлын яамны соён гэгээрлийн бодлого чухам үүнд чиглэж байна.

Хараахан эрдэм шинжилгээний эргэлтэд ороогүй, ном сурах бичиг болж олон нийтэд хүрээгүй, архивлагдаагүй зөвхөн малчин аав, ээж, эмээ, өвөөгийн тархинд байгаа энэ үнэ цэнтэй ардын мэдлэг нь зөвхөн өвлөн тээгчиддээ үлдэх, улмаар тэр хүнтэйгээ хамт устаж алга болох гээд байна. Ялангуяа иймэрхүү соёлын биет бус өвийг архивлах, судлах, баримтжуулах,хойч үедээ үлдээх асуудал маш чухал.

Тийм учраас  Соёлын яамнаас  Соёлын өвийн тухай хуулиас гадна Соёлын биет бус өвийн тухай хуулийг санаачлан гаргахаар ажиллаж байна. Соёлын өвийн төвийн Бүртгэл мэдээллийн сангаас харж байхад  тэнгэр,  хангайгаа шинжих гэх мэт ардын мэдлэгийн бүртгэл бий биелгээ, дуу хөгжимөөс хэд дахин бага  бүртгэсэн байдаг. Соёлын өвийг зөвхөн дуу хөгжим, бий биелгээ гэж явцуугаар ойлгож болохгүй.

Соёлын өвийг өргөн утгаар нь харж, нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй соёлын биет бус өвийг судалж, бүртгэлжүүлж, нийтийн хүртээл болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн агуулгад оруулж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, цаашлаад үнэ цэнжүүлэх шаардлагатай. Үнэлэхгүй байна шүү дээ. Үүний  шалтгаан нь ерөөсөө л мэдэхгүйд байгаа юм.

Бүх соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, дарга нарынх нь мөрийн хөтөлбөрт нэн тэргүүнд бүх нийтэд соёлын өвийн боловсрол олгох асуудлыг оруулах хэрэгтэй юм. Тухйлбал, номын сан зөвхөн ном уншуулчихаад идэвхгүй сууж байдаг газар биш. Тэнд байгаа номон доторх ардын мэдлэгийг ямар нэг хэлбэрээр хүмүүст, хүүхдүүдэд хүргэдэг газар байх ёстой. Соёлын өв, монголчуудын түүхийн талаарх мэдлэгийг  музейд олгодог болох, цоожтой авдар дахь соёлын өвийг бүх нйтийн хэрэглээ болгохын тулд зааж өгдөг газар баймаар байна. Соёл, урлагийн  байгууллагууд бол насан туршийн боловсролын төв, сургалтын талбар байх ёстой.

СОЁЛЫН ЯАМ БАЙГУУЛАГДСАН НЬ МОНГОЛ СОЁЛЫН ХУВЬД ЭЗЭНТЭЙ АЙЛ ШИГ ХАЛУУН ДУЛААН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙГАА

-Гучин жилийн дараа Соёлын яамтай болж, Таны хэлсэнчлэн бид хүнийшиж буй өөрийн соёлдоо эргэн орох бодлогоо боловсруулж, алхам алхмаар урагшилж  байгаад монгол хүнийхээ хувьд би ч их талархаж байгаа.

-Соёлын яам байгуулагдсан нь монгол соёлын хувьд эзэнтэй айл шиг халуун дулаан сэтгэгдэл төрүүлж байгаа. Монголын нийгмийн оюун санаа бол бидний нэг том гал голомт юм гэж үзвэл түүнийгээ  бөөцийлж хамгаалах, хөгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам хийж эхэлсэн  бөгөөд гал голомтынхоо хойморт монгол соёлын үнэт зүйлээ залсан байна. Тэр үнэт зүйл нь эзэнтэй, бодлоготой, хууль, эрх зүйн орчин бүрэлдэж байгаад баярлаад ханашгүй. Одоо төрийн соёлын бодлогоо хэрэгжүүлэх ажил л үлдээд байна.

Үүний тулд судалгаанууд хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүний хөгжлийн цогц бодлого”-д  монголчуудын оюун санааны хөгжлийн цогц бодлогыг оруулж ирэх гэж бүх нийтийн соёлын боловсролын асуудлыг ярьж байна. Монголчуудын оюун санааг соёлын боловсролоор л дамжуулж цэнэглэнэ. Энэ бол зөвхөн Соёлын яамны ч ажил биш. Бүх яам, бүх сайд, бүх шатны Засаг дарга нар, бүх нийтийн л ажил байх болно.

Ярилцаж, үнэ цэнтэй мэдлэг, мэдээлэл өгсөнд Танд  баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Соёлын мэргэжлээр төгссөн хүмүүст ажил олддоггүй, соёлын ажлыг мэргэжлийн бус хүмүүсээр хийлгээд, соёлын мэргэжлийн үнэ цэнийг шууд унагаадаг, орон нутагт соёлын ажилтны ажлыг хэн ч хийж болно гэсэн ойлголттой байдаг нь харамсалтай. 

  • Сайхан ярилцлага болжээ. 1990 оноос хойш соёлын салбарыг зөнд нь орхиж, соён гэгээрэл гэдэг үг хэлэхийг ч цээрлэдэг болсон цаг үеийг бид туулан өнгөрүүлж байна.  Эдүгээ цаг дор Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга нар “Ард түмнээ соён гэгээрүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, судлах сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх” тухайд ихээр ярьж байнаа. Иймд Аймгууд соёлын байгууллагынхаа хүний нөөцийн асуудалд бодлоготой хандах цаг ирсээн. СУИС-ийн Соёлын сургууль 57 дахь жилдээ соёлын салбарын мэргэжилтэнг бэлтгэж байсан. Одоогийн байдлаар хөдөө орон нутгийн соёлын төв ордонд мэргэжлийн ажилтан дөнгөж 40 орчим хувь байгаа нь соёлын байгууллагын нийгэмд гүйцэтгэх үүргийг бууруулж байгаа юмаа. Монголчууд уул уурхайгаа ухаж сэндийчихээс илүү оюуны, өв соёлын уурхайгаа нээж ажиллах нь Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой болно.  СУИС-ийн Соёлын сургууль Номын сан-IT инженерчлэл, соёлын өв-музей, соёлын үйлдвэрэлэл, соёлын менежмент, соёлын аялал жуулчлал үэрэг хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Та бүхнийг Соёлын сургуулийн өдөр, эчнээ хөтөлбөрт урьж байна. Бүгдээрээ хамтраад ард түмнээ соён гэгээрүүлэх, соёлын эдийн засгийн хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэцгээе хэмээн уриалж байна. 

Холбоотой мэдээ