Эрчүүдийн асуудал зөвхөн архи биш, эмэгтэйчүүдийн гавьяа зөвхөн олон хүүхэд биш

Өнөөдөр гуравдугаар сарын 18.

Анх Зэвсэгт хүчний баярын өдөр гэж тэмдэглэж байгаад 2011 оноос Монгол цэргийн баяр болж өөрчлөгдсөн. Тухайн үед батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмэр оруулж цэргийн алба хаасан болон хаах гэж байгаа бүх эрчүүдийн баяр болгож, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор ингэж өөрчилжээ.

Гэхдээ монголчууд албан бусаар нийт эрчүүдийн баяр болгож тэмдэглэж заншсан. Бүр төрийнхөн хүртэл бүх эрчүүдэд хамаатуулан энэ өдрийг тэмдэглэж ирсний нэгэн жишээ нь, хэдхэн өдрийн өмнө Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо,манлайлал”  үндэсний чуулган. Уг чуулганд үг хэлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архидалттай тэмцье, архи уухаа больцгооё гэж уриалсан. Архидалтын уг шалтгаан юунд байгаа талаарх бусад мэдээллээр хомс түүний хэлсэн үг сошиал орчинд багагүй шүүмжлэл дагуулсан.

Дараа нь Ерөнхийлөгчийн санаачлагыг   МЗХ-ныхон дэмжиж, архи асгаж үзүүлсэн нь бүр ч гал дээр тос нэмсэн хэрэг болж, ингээд ерөнхийдөө архидалттай тэмцэх ажил амны зугаа болж үлдэв.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн уянгалсан үгтэй нийлээд чуулганы үйл ажиллагааг нэг хэсэг олон түмэн бараг ч ойлгоогүй байх.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Мартын 8 болж, Төрийн ордонд мөн л Ерөнхийлөгчийн ивээл дор “Одонтой ээжүүд” арга хэмжээ болж, улс орны өнцөг булан бүрээс 1000 ээж оролцжээ. Ингээд гуравдугаар сард хэдхэн хоногийн зайтай эрэгтэй ба эмэгтэй хоёр хүйсийг тус тусад нь  ярьсан хурал болов. Иймэрхүү арга хэмжээ ер нь гуравдугаар сард л болдог, эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийгмийн хөгжилд тэгш оролцох оролцоог гуравдугаар сард нэг сайн яриад бусад үед мартдаг учир энэ сарыг ЖЕНДЭРИЙН САР гэх нь ч бий.

Хүн бол  байгалийн болон нийгмийн бүтээгдэхүүн. Байгалийн бүтээгдэхүүн болохынхоо хувьд хүйс,чадвар, чадлаараа ялгаатай. Тэр ялгаа нь нийгмийн орчинд орж ирэхээр эерэг, сөрөг олон зүйлийг дагуулдаг учир жендэр буюу нийгмийн хүйс гэх ойлголт гарчээ. Энэ нийгмийн хүйст тохирсон бодлого зайлшгүй хэрэгтэй учир НҮБ буюу олон улсын түвшнээс авахуулаад улс орнуудын төрийн бодлогод ЖЕНДЭРИЙН БОДЛОГО орж иржээ.

Монгол Улс ч ялгаагүй ийм бодлого хэрэгжүүлж, Жендэрийн тухай хуультай болоод арваад жил болж байна. Хуулийн гол зорилго нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэхэд оршино.

Гэвч энэ хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгааг Жендэрийн үндэсний хорооноос өнгөрсөн онд өгүүлсэн судалгаагаар гарчээ. (Энд дарж үзнэ үү)

Жендэрийн үндэсний хороо уг нь Засгийн газрын байгууллага. Тэнд хийсэн судалгаа, дүнэлтийг жендэрийн бодлого хэрэгжүүлэгч бүх төрийн байгууллага анхааран үзэж, асуудлыг хэлэлцэж, хэрэгжүүлэх учиртай. Гэтэл гуравдугаар сарын 8 болохоор олон хүүхэд,одон ярьдаг, 18 болохоор архи ярьдаг байх нь их явцуу.

Эрчүүд нь архиндаа живээд л, эмэгтэйчүүд нь зөвхөн хүүхэд гаргаад л,одон зүүгээд л байж байгаа нийгэм юм уу? Ингэж ганц, ганц асуудлыг сугалан ярьж, шуугиан тариад байхаар  бусад олон асуудал, олон өнгөө хаяж бүдгэрүүлээд байна.

Тухайлбал, эрчүүд ба  эмэгтэйчүүдийн дундаж наслалт 10 гаруй насны зөрүүтэй болсон гэх судалгаа хэдэн жилийн өмнө гарсан. Учир шалтгаан нь, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хаягдсан, өөрсдийгөө “төмөр биетэй баатар” мэт боддог уламжлалт хэвшмэл ойлголт, төрийн бодлогын  шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо туйлын хангалтгүй зэрэг олон учир шалтгаантай холбоотой.

Сум, дүүргийн эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн кабинеттай болох шийдвэрийн хэрэгжилт алаг цоог,  зөвхөн цаасан дээрээ хэдэн жил болж байгаа гэхээр эрэгтэйчүүдээ хаясан улс болж таарлаа. Гол нь энэ шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг буюу удирдлагын шийдвэрийг голдуу эрэгтэйчүүд хариуцаж байна.

Эрэгтэйчүүд давамгайлсан эрх мэдэл эрчүүдээ хаяжээ.

Хэрэв эмнэлгүүдийг эрэгтэйчүүдийн кабинеттай болгох ажлыг эмэгтэй хүмүүс  удирдлагын түвшинд хариуцаж байсан бол огт өөр байх байсан. Айл гэрээр бол эмэгтэйчүүд л гэр бүлийнхээ эрүүл мэнд, хооллолт, хувцаслалтад анхаардаг шиг төрийн шийдвэр гаргалт, хэрэгжүүлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоог хангая гээд байдаг нь цаагуураа жендэрийн энэ мэт олон асуудлыг шийдэх давхар давхар ач тустай.

Монгол Улсын хувьд дундаж наслалт 1992 оноос 2018 онд 70.2 болж 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгджээ. Харин эрэгтэйчүүдийн дундаж наслалт 26 жилийн хугацаанд 60.7-оос 66.1 болж 5.4 жилээр, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-өөс 75.8 болж 10.9 жилээр нэмэгдсэн байна. (Эрэгтэйчүүдийн хандлагын талаарх судалгааг ЭНД  дарж үзнэ үү)

Арван жилийн зөрүү гэдэг нь энэ. Эрэгтэйчүүдийн эрт нас баралтын 80 хувь нь халдварт бус өвчин, тэр дундаа хавдар гэнэ. Айл гэрийн хоёр баганын нэг нь болсон эр нөхөр залуугаараа хорвоог орхиж, эхнэр, хүүхэд нь өнчирч үлдэж байгаа нь жендэрийн бодлого хэрэгжихгүй байгаагийн хар сүүдэр.

Тиймээс энэ мэтчилэн (эрүүл мэндээс гадна боловсролын зөрүү, сэтгэл зүйн асуудал, хүчирхийлэл, ажилгүйдэл  гээд олон асуудал бий) нийгмийн олон асуудлын бас нэг бараан сүүдэр, үр дагавар нь архидалт. Гэтэл архидалтын шалтгааныг нь ярихгүйгээр зөвхөн архийг яриад, асгаж цутгаснаар асуудал шийдэгдэхгүй. Энд бас л “архитай ноцолддог” нэр хочтой эрэгтэй дарга, удирдлагын асуудал шийдэх хандлагын ялгаа харагдаж байна. Энэ бас жендэрийн асуудал.

Тиймээс жендэр, жендэрийн бодлого гэдэг нь зөвхөн гуравдугаар сард л яригддаг, 8-нд одонтой ээж, 18-нд архины асуудлаар хязгаарлагддаг зүйл биш юм аа. Далайцтай, цогцоор нь, багцаар нь байнга ярьж, шийдэж, хэрэгжүүлж байх асуудал юм.

Бусад бүх асуудлын дундаас ганцхан архийг авч хэлэлцээд байвал шилнээс нь гаргаад асгачихаж байгаа юм шиг архидалт алга болохгүй гэсэн үг.

Гарчигийн тухайд энэ жил түлхүү яригдсан, бүр Ерөнхийлөгчийн ивээл дор болсон чуулгануудыг л авч үзлээ. Одонтой ээжүүд Монгол Улсынхаа хүн амыг өсгөж байгаа үнэхээр их гавьяатай хүмүүс. Гэхдээ дөрвөн хүүхэд төрүүллээ гээд зөвхөн одон өгдөг, тэрийгээ байнга сурталчлах нь жендэрийн тийм ч оновчтой бодлого биш. Харин гэр бүлийг бат бэх байлгах, үр хүүхдүүдийг эрүүл саруул,эрдэм боловсролтой хүн болгох нийгмийн орчныг бүрдүүлэх, хань нөхрийг нь ажилтай, орлоготой, урт удаан наслуулахад төрийн бодлого чиглэх нь жендэрийн оновчтой бодлого юм.

Өөр нэг зүйл. Эрэгтэйчүүд хүчирхэг учраас аль болох л  ямар нэг байдлаар “ялласан” өнгөнөөс хандах гээд байдаг нийтийн гаж зуршилтай болсон мэт санагддаг. Үүний нэг илрэл нь магадгүй эрчүүд бол архичин гэх мессэж. Харин эмэгтэйчүүд бол сул дорой учраас аль болох л эмэгтэй гэх биологийн хүйс рүү нь хандаж төрийн бодлого хүртэл яригддаг. Үүний илрэл нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн ивээл дор болдог “Одонтой ээж” чуулган.

Угтаа бол эрчүүдийн асуудал ганц архидалт биш, эмэгтэйчүүдийн гавьяа зөвхөн олон хүүхэд төрүүлэх биш ээ. Жендэр буюу нийгмийн хүйс талаас нь авч үзвэл шүү дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
    Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
    Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Холбоотой мэдээ