Д.Оюунхорол: Казино байгуулах хуулийг Засгийн газраас өргөн барина

2022-03-16

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн/2022.03.16/ хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тус төсөлд Төв аймгийн Сэргэлэн сум дахь “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, чөлөөт бүсийн газрын хэмжээг 1,000 га-аар тогтоохоор тусгажээ.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Хөшигийн хөндийд байгуулагдах эдийн засгийн чөлөөт бүс нь онгоцны буудлыг дагасан аялал жуулчлалын бүс байж, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, мэдээллийн технологид суурилсан технологи, санхүүгийн кластер төвүүдийг байгуулснаар амжилттай хэрэгжих боломжтой гэж бид үзэж байгаа.

Одоогийн байдлаар Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаагаас өнөөдөр зөвхөн 1,000 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг оруулж ирж байна.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлсэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, төлбөр, таавар бооцоот тоглоомын дагалдах үйлчилгээг хуульчилж оруулж ирсэн, эрүүл мэндийн аялал жуучлалыг хөгжүүлсэн, залуучууд очиж ажиллаж амьдрах боломжтой хөгжлийн концепц болно гэж үзэж байна.

Өмнөх алдааг давтахгүйн тулд санхүүгийн чадавхигүй хүмүүст газар олгохгүй байж, Хөшигийн хөндийн чөлөөт 1000 га газар дээр санхүүгийн чадавхитай төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой ААН-үүдэд дуудлага худалдаагаар, шилэн олгоно.

Хоёрдугаарт, чөлөөт бүсэд аялал жуулчлал хөгжүүлж, хүний урсгалыг татахын тулд казино байгуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина гэдэг төсөөлөл бий. Энэ дээр ажлын хэсэг нэлээн сайн ажиллаж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ