Бугын эвэр түүж, бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо

2022-03-15

БОАЖ-ын сайдын Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.

Мөн тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.

Жил бүрийн хаврын хуурайшилтын үед үүсдэг эрсдэл бол ой, хээрийн түймэр юм. Сүүлийн хоёр жилд хур тунадас ихтэй чийгшилт харьцангуй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудтай харьцуулахад бага гарсан. 3-7 дугаар сар хүртэлх хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилтын зэрэг янз бүр байдаг. Тэгвэл энэ жил хуурайшилт улам ихсэж, эрсдэлтэй байдал үүсэж буйг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа юм.

2021 онд Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг есөн аймгийн 35 суманд нийт 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байдаг. Дээрх түймэрт ойн 2,092.1 га, хээрийн 201,538 га талбай өртөж, экологид 3 тэрбум 174 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг тоон баримт байна.

Жишээ авахад энэ жилийн хувьд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 70 гаруй хувь цас багатай хавар эрт хуурайшилт үүсэж ой хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй болоод байгаа мэдээ бий.

Гал түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр ихээр гардаг байна.

Зөвхөн тус дархан цаазат газарт сүүлийн гурван жилд гарсан томоохон хэмжээний түймрийн дүн мэдээг харахад нийт 203 га талбай түймэрт нэрвэгдэж ойн санд учирсан хохирлын хэмжээ 204,105,000 төг/ хоёр зуун дөрвөн сая нэг зуун таван мянган төгрөг/ болсон байна.

Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хамаарах Атаа-Шарлан голын бэлчирт /49011’28’’ 107034’08’’/ ойн түймэр тэмдэглэгдсэн. Уг түймрийг бугын эвэр түүхээр явсан иргэд тавьсан бөгөөд түймэр тавдугаар сарын 13-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдрийг хүртэл ассан байдаг. Түймэр унтрахаар ОБГ-аас нийт 253 албан хаагч арав гаруй техник хэрэгсэл сарын турш ажиллажээ. Түймрийн тархалтын өргөн 20 км байсан бөгөөд нийт талбай 178 км2 талбайг хамарсан. Түймрээс ойд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээ 34.1 тэрбум төгрөг болсон байна.

Гэтэл тухайн үед БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас авсан мэдээллээр бугын ясан эвэр түүж бэлтгэж экспортлох эрх авсан зургаан аж ахуйн нэгжээс улсын төсөвт 30 сая төгрөгийн хураамж төлсөн байдаг.

2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Хонги голын баруун талд Тахилт уулын урд Бугатын аманд түймрийн цэг илэрсэн.

2020 оны зургадугаар сарын 19-ний өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ар илчлэгийн голын зүүн талд түймрийн цэг илэрсэн.

2021 оны зургадугаар сарын 5-ны өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ерөөгийн халуун рашааны хойд талд түймрийн цэг илэрсэн гэх мэтээр хөвөрнө. Тэр болгонд Онцгой байдлын албан хаагчид, байгаль хамгаалагчид олон өдрөөр, машин техник дайчлан тэмцэх шаардлага тулгардаг юм.

Хан Хэнтийн дархан цаазат газар нь Сэлэнгэ, Төв, Хэнтий гурван аймгийн найман сумын нутгийг хамрах 1,748,103 га талбайтай нийт дархан газрын 96 хувь нь хөвч тайгын бүсэд оршдог. Монгол орны амьтны аймгийн биологийн төрөл зүйлийн 40.5 хувьтай тэнцэх буюу судлаачдын мэдээгээр 56 зүйлийн хөхтөн амьтад байршин нутагладаг. Ургамалын аймгийн хувьд 85 овгийн 389 төрөлд хамаарах 1,229 гуурст дээд ургамал бүртгэгдсэн байна. Ойн сангийн хувьд төв азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхаар нэн хязгаарлагдмал, түймэр хөнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд хялбар өртдөг маш эмзэг экосистем юм. Дархан газрын ойн сангийн 96.8 хувь нь шилмүүст, 3.2 хувь навчит ойтой бөгөөд Монгол орны ойн нөөцийн 30 хувь нь Хэнтийн ууланд байдаг билээ.

Эх сурвалж: БОАЖЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ