Доктор Т.Пүрэвсүрэн:Алдаатай бичиж байна уу,зөв сайхан ярьж байна уу гэдгээр нь эх хэлний боловсролын түвшнийг үнэлнэ

2022-03-14

БҮХ НИЙТЭД ЗОРИУЛСАН ЭХ ХЭЛ, БИЧГИЙН  ХЭРЭГЛЭЭНИЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ СОЁЛЫН ЯАМ АЖИЛЛАЖ БАЙНА-

Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын монгол хэл, бичиг, хэвлэл, нийтлэлийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах мэргэжилтэн, доктор (Ph.D) Т.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Соёлын яам монгол хэл, бичгийн ямар асуудлыг хариуцдаг вэ?

-БШУЯ албан ёсны боловсрол олгодог бол Соёлын яам албан бус боловсролоор дамжуулан бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, нийтэд чиглэсэн хэрэглээний орчин бүрдүүлэх чиглэлээр ажилладаг. 2020 онд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдсэн ажлын хэсэг 2021 онд байгуулагдаж, даргаар нь БШУ-ны сайд, дэд даргаар нь Соёлын сайд ажиллаж байна. Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх Монгол хэлний хуулийн заалт 2025 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Боловсролын яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Соёлын яамны тус тусын чиг үүргээр дэд ажлын хэсгүүд байгуулагдсан.

Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэгээр ахлуулсан Дэд ажлын хэсэг монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх, цахим орчинд монгол бичгээр бичих, сурах чадварыг дээшлүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.

СОЁЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД “ХОС БИЧИГТЭН БАЙГУУЛЛАГА” БОЛОХ, КОМПЬЮТЕР ДЭЭР МОНГОЛ БИЧГЭЭР АЛДААГҮЙ ЗӨВ ШИВЖ СУРАХ ЗОРИЛТТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА

-Соёлын яамнаас “Хос бичигтэн яам” болох  санаачилга эхлүүлсэн нь дээрх ажлын бэлтгэл үү?    

– Тийм ээ. “Хос бичигтэн яам” гэдэг дөрвөн жилийн хугацаатай  хөтөлбөрийг Соёлын яам боловсруулж, нээлтийг 2021 оны есдүгээр  сарын 1-нд “Эх хэлний өдөр”-өөр хийсэн.  Эхний ээлжид яамныхаа албан хаагчдын монгол бичгийн түвшнийг тогтоож, гурван сарын анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулав. Мөн соёлын салбарын төрийн алба хаагчдаа 2025 онд “Хос бичигтэн болох” бэлтгэл ажлыг эхлүүлж, сургалтын жишиг хөтөлбөрийг боловсрууллаа.

Соёлын салбарт хэрэглэдэг хууль, тогтоомжийн хүрээнд үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны унших бичиг, соёлын салбарт хэрэглэгддэг үгсийн хадмал толь бичгийг эрхлэн хэвлүүлж, анхан шатны 18 цагийн зайн сургалтын контент бүтээв. Нийгмийн соёлыг дээшлүүлэн, соёлын салбарын байгууллагын хаягжилтыг жигдлэхийн тулд жишиг загвар, зөвлөмжийг боловсруулах зэргээр 2021 онд суурь ажлуудаа хийж бэлтгэлээ хангалаа. 2022 оноос эхлээд Соёлын яамны харьяа байгууллагууд “Хос бичигтэн байгууллага” болох, компьютер дээр монгол бичгээр алдаагүй зөв шивж сурах зорилттой ажиллаж байна.

– 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг угтаад төрийн албан хаагчдад нийтээрээ монгол бичиг мэддэг байх шаардлага тавьж байгаа юу?   

– Төрийн албаны ерөнхий шалгалтын 100 онооны 30 оноо нь монгол хэл, бичгийн шалгалтын оноо  байдаг. 30 онооны 10 хувь нь монгол бичгийн шалгалт гэхээр төрийн албанд монгол бичгийн зохих хэмжээний мэдлэгтэй хүмүүс ажилладаг  гэж ойлгож болох юм. Тэгэхээр анхан шатны мэдлэгтэй хүмүүсийг нь дунд шатны, дунд шатны мэдлэгтэй хүмүүсийг нь ахисан шатанд хүргэх, мөн компьютер дээр монгол бичгээр ажиллах чадвартай болгох асуудал байгаа. Ер нь цаашдаа нийтээрээ л монгол бичгийн чадвараа сайжруулах шаардлагатай болж байна.

-2020 онд батлагдсан Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн гол агуулга юу вэ?

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт дөрвөн гол зорилтыг дэвшүүлсэн. Монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх, албан бичиг хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, монгол бичигт шилжих эрх зүй, технологийн орчин бүрдүүлэх, сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг эрчимжүүлж сайжруулах, боловсронгуй болгох зэрэг зорилтууд багтсан.

Эдгээрийг тус тусын чиг үүргээрээ холбогдох төрийн байгууллагууд хариуцаад ажиллаж байна. Соёлын яамны хувьд хэрэглээний орчин бүрдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд голлон анхаардаг.

ЦАХИМ ОРЧИНД МОНГОЛ БИЧИГ СУРАХ БОЛОМЖ, ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ, ИДЭВХИЙГ ӨРНҮҮЛЭХЭД ХАМГИЙН ТҮРҮҮНД АНХААРЧ БАЙНА

-Монгол бичгийн бүх нийтийн хэрэглээний орчин бүрдүүлэх гэдэгт юуг хамруулж ойлгох вэ?

-Юуны түрүүнд цахим орчинд монгол бичиг сурах боломж, орчныг бий болгох, идэвхийг өрнүүлэхэд   анхаарч байна. Гадаад хэл сурахад зориулсан нас насны ангилалтай олон аппликейшн байдаг.  Түүн шиг цахим орчинд монгол бичиг сурах боломжийг хүмүүсийн нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон байдлаар олон арга хэлбэрээр бүрдүүлэхийг зорьж байна. Мөн монгол хэл, бичгийн өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд монгол бичгийн холбогдолтой зүйлсийг түлхүү оруулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна.

– Компьютер дээр монгол бичиг суулгаад хэрэглэхэд хэр хялбар байдаг юм бол?

– Монгол бичгийн гарууд бэлэн байж байдаг. Бидний ашиглаж буй оффис программ дээр монгол бичгийн гарыг орос, хятад хэл зэрэг дурын хэлээ нэмж суулгадаг шиг хэзээ ч суулгаж болно. Гэхдээ windows 2007, 2010 зэрэг программууд хоорондоо таарахгүй, алдаа заах тохиолдлууд байна. Үүнийг Юникодын консерциумд хүсэлт тавьж шийдүүлэхээр Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллаж байгаа.

МОНГОЛ БИЧИГ СУРАХ ХЭЦҮҮ ГЭСЭН ОЙЛГОЛТ ИРГЭДЭД БИЙ БОЛЧИХСОН, ГЭТЭЛ ЦОО ШИНЭ ХЭЛ БИШ ШҮҮ ДЭЭ

– Монгол бичгээ дээдлэх үнэлэмж, сурах, хэрэглэх ёстой гэсэн идэвх манай иргэдийн дунд  хэр байна вэ?

–  2019 онд ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид “Үндэсний бичгийн чадвар болон хандлагын судалгаа” хийсэн бөгөөд судалгааны дүнгээс үзэхэд, 55-аас дээш насныхны монгол бичгийн чадвар 0.77 хувь, 55-аас доош насныхных 25 хувь орчим байна. 1983 онд төрсөн  хүмүүс  нэгдүгээр ангид орохдоо буюу 1990-1991 онд монгол бичгээр хичээл заалгасан. Тэд болон тэдний дараа үеийнхэн монгол бичгийн “А”-тай, харин түүнээс өмнөх үеийнхэн огт мэдэхгүй гэсэн судалгааны үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, 40 хүртэлх насны хүмүүст монгол бичгийн мэдлэг харьцангуй сайн байгаа бол 40-өөс дээш насныхан харьцангуй тааруу байна.

Мөн иргэдийн дунд монгол бичгийг сурахад хэцүү гэсэн хэвшмэл ойлголт бий болчихсон. Гэтэл монгол бичиг бол цоо шинэ хэл биш шүү дээ, бичих зарчмын хувьд л өөр. Гэхдээ аав гэдгийг “абу” гэж бичихээс биш,  англи хэл шиг “father” гэж цоо шинэ үг цээжлэхгүй. Монгол бичгээсээ бид холдчихсон учраас хүмүүсийн тархинд нэг түгжээ үүсчхээд байна л даа.

Энэ ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд юу хийх бэ? гэдэг асуулт эндээс гарна. Судалгааны дүнгээс үзэхэд, монгол бичгийг сурах, хэрэглэхэд ямар нэгэн хэлбэрийн бэрхшээл бий гэсэн ойлголт оюутнуудын 82.5 хувьд, албан хаагчдын 78.8 хувьд байна. Нийгмийн энэ сэтгэл зүйг өөрчлөхийн тулд юу хийвэл илүү үр дүнтэй байх талаарх судалгаанаас үзвэл, сургалт-сурталчилгааны хүрээнд 40 хувь орчим, цахим орчинд монгол бичгээр бичих, хэрэглэх асуудал, арга технологийг шийдэхэд 30 хувь орчим нь шийдэгдэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Иймд бид дээр дурдсан судалгааны үр дүнд тулгуурлан монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧДЫН НОМ БҮТЭЭЛ ХҮҮХДИЙН ҮГИЙН БАЯЛАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГАА ТАЛААР СУДАЛГАА ХИЙСЭН 

– Бүх нийтийн эх хэлний соёлын асуудлыг Соёлын яам хариуцдаг уу?

Соёлын яам “бүх нийтийн соёлын боловсрол” олгох арга хэмжээг хариуцаж ажилладаг. Үүний нэг үндсэн хэсэгт бүх нийтийн эх хэлний боловсролын асуудал орж байдаг учраас бид албан бус сургалтаар бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн хэлний хэрэглээ, хандлага, нөлөөллийн тал дээр илүү анхаарч байна.

Өнгөрсөн жил арван нэгдүгээр сард зохион байгуулагдсан Соёлын бүтээлч сарын үеэрх “Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалтад “Хотын соёл-Хэлний соёл” гэсэн сэдвээр Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид уг асуудлын талаар асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлсэн. Энэ жил цахим орчин дахь хэлний хэрэглээний олон талт байдлын талаар судалгаа хийхээр төлөвлөж байна.

Мөн 2021 онд хүүхдийн хэл, найруулгаар суурь судалгаа хийсэн. Тус судалгааны хүрээнд Хүүхдийн төв номын санд байгаа сургуулийн өмнөх насны хүүхдийн номын хэл, найруулгад судалгаа хийж, хүүхдийн хэл, сэтгэхүйг төлөвшүүлэхэд ном бүтээл хэрхэн нөлөөлж байгааг сургуулийн өмнөх боловсролын хүүхдэд зориулсан ном зохиолын хүрээнд гаргаж ирэхийг зорьсон юм. Мөн үндэсний зохиолчдын зохиол бүтээл, орчуулгын ном зохиол хүүхдийн үгийн санд хэр нөлөөлж байгаа, сургуульд орох насны хүүхдийн үгийн сан хэдэн үгийн хүрээнд байх боломжтой зэргийг тодорхойлон гаргахад уг судалгаа чиглэсэн. Энэ жил бага анги, ирэх хоёр жил дунд, ахлах анги гэх мэтээр үргэлжлүүлэн судалсаар “Монгол хүүхдийн үгийн сангийн баялаг”-ийг бага, дунд, ахлах ангийн хэмжээнд тус бүрээр нь тодорхойлон гаргах боломжтой болно. Үүний үр дүнд зохиолчид маань хүүхдийн нас, сэтгэхүйд зориулсан үг хэллэгээр зохиол, бүтээлээ бичиж байгаа эсэх, хүүхдийн үгийн баялагт хэрхэн нөлөөлж байгаа нь нас, насны ангиллаар тодорхой гарна гэсэн үг.

ЭХ ХЭЛЭЭРЭЭ АЛДААГҮЙ БИЧИЖ, ЗӨВ САЙХАН ЯРИХ НЬ “БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН”-ИЙ ГОЛ ШАЛГУУР  

 – Эх хэлний боловсрол гэж ерөнхийд нь юуг  хэлэх вэ?

– Хамгийн энгийн бөгөөд ерөнхийгөөр нь авч үзвэл “L1 буюу эх хэл гэдгийг хувь хүн, ялангуяа хүүхдийн хувьд анх сурч эзэмшсэн хэл, том хүн, ямар нэгэн яс үндэст хамаарахын хувьд үзвэл тухайн ястан, үндэстэн, ардын хэл” хэмээн тодорхойлж болох бөгөөд ингэж үзвэл тухайн улсын хувьд суурь боловсролоор эзэмшсэн хэлний мэдлэг гэж ойлгож болно. Ер нь гаднын  улсын туршлагаас  харахад ерөнхий боловсролын сургууль төгссөн л бол эх хэлээ төгс биш юм аа гэхэд зохих түвшинд эзэмшсэн байх ёстой байдаг. Алдаатай бичиж байна уу, зөв сайхан ярьж байна уу гэдгээр нь эх хэлний боловсролын түвшнийг нь үнэлдэг.

Аппликейшн гарахаас өмнө  гадаад хүмүүс өөрсдийн эх хэлээрээ ярьж, бичиж байгаа хэрнээ л жижигхэн толь бичиг барьчихсан явдаг  байсан. Харин монголчууд бид толь бичиг ашигладаггүй.

Германы толь бичиг судлалын нэг  эрдэмтэн Монголд ирэхдээ “Германд хэрэв  ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн  алдаатай бичиж байвал суурь мэдлэгээ эзэмшиж чадаагүй байна гэж үздэг. Суурь мэдлэгээ бүрэн эзэмшиж чадаагүй хүн дараагийн шатны боловсролыг тогтолцоотой эзэмших боломжгүй гэж үздэг. Иймээс цаашид ажиллаж, хөдөлмөрлөхөд хэцүү байдаг” гэж хэлж байсан. Үүнийг хуулиар тогтоогоогүй ч бидний “гол уруу сүү асгадаггүй, босгон дээр гишгэдэггүй” гэдэгтэй адил үндэсний ухамсар ойлголт тэнд бий болоод тогтчихсон.

Иймээс германчууд олон нийтийн дунд толь бичиг ашиглахаасаа ичдэггүй, харин алдаатай бичихээсээ маш их ичдэг байна. Ер нь, хүмүүст шууд зааж зааварлахаасаа илүү эх хэлээрээ алдаагүй бичиж, зөв сайхан ярих нь “боловсролтой иргэн” гэдгийг үнэлэх гол шалгуур, суурь үзүүлэлтийн нэг гэдэг ойлголтыг ухамсарлуулах хэрэгтэй. Ийм л хэлний соёлыг бид төлөвшүүлэхийн төлөө зорьж байна.

2021 онд бид толь бичгийн боловсруулалтад анхаарч, “Монгол толь”-той хамтарч аппликейшнийг нь сайжруулж, монгол бичгийг нэмэлтээр оруулж, үгийн сүлжээтэй болгосон. Одоо хүссэн хүн бүхэн “монгол толь” гэж хайгаад гар утсандаа суулгаад үгийн сүлжээ тоглож, монгол хэлний үгийн баялгаасаа суралцаж болно. Цаашид бид энэ аппликейшнаа улам хөгжүүлэн сайжруулах ажлыг байнга тогтмол, тасралтгүй хийнэ. Толь бичиг гэдэг бол бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд хамгийн чухал суурь нөхцөлийн нэг юм. Иймэрхүү маягаар сонирхолтой, өгөөжтэй хэлбэрээр бүх нийтэд зориулсан эх хэлний хэрэглээний орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Алдаагүй зөв бичиж мэдэхгүй байж л улс төр ,бусдын алдаа оноо ,буруу зөвийг зааж зааварлах дуртай өөрсдийгөө өргөн мэдлэгтэй гээд бодчихсон хүмүүс уншихад хэрэгтэй л юм байна.

  • Яагаад заавал хятадад сургууль төгссөн хүн монгол хэл, соёлыг хариуцсан яамны түшмэл хийж байна вэ?

    Тагнуулын ерөнхий газар анхааралдаа авна уу.

Холбоотой мэдээ