Л.Оюун-Эрдэнэ:Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломж бүрдэнэ

2021-02-12

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээ хүргэж байна.

Амгалан сайн байна уу. Ашдын бэлгэтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж, Монгол Улсын айл өрх, иргэн бүхэнтэйгээ алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна. Эх оронд маань төдийгүй эргэх дэлхийн хүн төрөлхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авчирлаа.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралаас гурав дахин их хохирол учруулж байгааг эдийн засагчид онцлон ярьж байна.

Бид хамтын итгэлцэл, тэсвэр тэвчээр, нэгдмэл алсын хараа, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэхүү хүндрэлийг хамтдаа даван туулж чадна.

Монголчууд бид арван сарын турш цар тахлыг дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэхүү гамшиг биднийг тойрсонгүй ээ.
Ганцхан жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг маань цар тахлаас үүдэн хасах 6 хувь болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс болж эдийн засаг, зах зээлд эргэх ёстой байсан 8 их наяд төгрөг гацсан байна.

Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүрдээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах бүрдээ уруудан доройтдогийг бидний эх түүх нотолдог. Бид хамтын итгэлцэл, тэсвэр тэвчээр, нэгдмэл алсын хараа, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэхүү хүндрэлийг хамтдаа даван туулж чадна. Гацсан эдийн засгийн цусны эргэлтээ хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм.

Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр эдийн засаг саргэж, иргэн өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ.

Шинэ идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангагдахад “Нэг өрх-нэг шинжилгээ” туйлийн чухал юм. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй өргөсөн тангарагтаа үнэнч эмч, төрийн албан хаагчид, нийт олныхоо төлөө нэг зорилгын дор нэгдэж гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ арга хэмжээний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхлүүлэх болно. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэх юм.

Монгол ахан дүүс ээ!

Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг ардын маань сайхан үг бий. Хулгана жил хулжин одож эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ. Удахгүй нялх төлийн дуу цангинаж, шинэ бүрэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард иргэддээ илэрхийлье. Гучин хэмийн хүйтэнд 30 мянган монголчууд Төв талбайдаа цуглаж, өнгөрсөн гучин жилийг цэглэж, цоо шинж гучин жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй ээ.

Хүн бүрд хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа иргэд нь эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон хөгжин дэвжсэн, хувь хүн биш хууль засагладаг шударга төр засагтэй шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой. Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй. Магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч хожмын Монголд амин тустай, зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн цаг алдалгүй гаргах болно.

Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ