Нэг өдөр баярлалаа, үлдсэн 364 хоногт эрхээ нэхье, эмэгтэйчүүдээ

2022-03-09

Монголд өчигдөр тохиосон Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг НҮБ-аас “Тогтвортой маргаашийн төлөө өнөөдөр жендерийн тэгш байдал” уриан дор тэмдэглэх шийдвэр гарчээ.  Эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хамгийн их мэдэрч байгаа нь  жендэрийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, тэдний амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулж байна гэж НҮБ үзсэн байна.

Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эхний зорилт гэжээ. Уур амьсгалын нөлөө Монголд  бусад улсуудын адил бодитой нөлөөлж байгаагийн бэлэн жишээ нь малчдын аж байдал, бэлчээрийн доройтлын асуудал. Гэсэн ч Мартын 8-нд ихэвчлэн баярлаж өнгөрөөдөг монголчууд  малчин эмэгтэйчүүдийн асуудлыг ярихтай манатай.

Монголын Мартын 8-наар НҮБ-ын гаргасан уриаг хэн ч санасангүй,санаагүй учраас ярьсангүй. Төрөөс   Мартаар зохион байгуулсан хамгийн том арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачлагаар 8-нд Төрийн ордонд болсон “Одонтой ээж” арга хэмжээ. Тэр арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайхан л үг хэлэв. Эмэгтэйчүүдийн өдрийн түүхийг хэлж, төрийн, улсын, гэрийн хэрэгт монгол эмэгтэйчүүд ямар их үүрэгтэй тухай, тэднийгээ ямар их хайрладаг тухай гэх мэт. Гэхдээ Ерөнхиийлөгчийн үгэн доторх  “Эмэгтэй хүн ойлгогдох биш, хайрлагдах гэж төрсөн” гэсэн жендэрийн мэдрэмжгүй өгүүлбэр нь содон сонсогдов. Эмэгтэйчүүд  нийгэм, төрийн үйл хэрэгт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил тэгш оролцох, адил цалин хөлс авах, нийгмийн баялгаас адил тэгш хүртэх,хүчирхийлэлгүй,ялгаварлан гадуурхалтгүй хүнлэг нийгэмд амьдрах агуулгыг жендэрийн тэгш байдал гэнэ. Харилцан бие биетэйгээ ярилцаж, ойлголцож байж л тэгш байдал тогтоно уу гэхээс, та нар ойлгогдох албагүй гээд Төрийн тэргүүнээсээ эхлээд хэлээд байвал яаж тэгш байдал тогтох билээ.

Харамсалтай нь манайд жендэрийн тэгш байдал хангалтгүй байгааг Монголын хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралаараа мэдэрч явдаг.Эмэгтэйчүүдийн амьдралын чанар судалгааг хийсэн судлаач А.Гантуяагийн “Өмчийн эрхтэй эмэгтэйчүүдэд жендэрийн хэвшмэл ойлголт харьцангуй бага байна” ярилцлагаас энэ тухай дэлгэрэнгүй уншаарай.

А.Гантуяагийн ярилцлагад нэг сонирхолтой кэйс байгаа нь эмэгтэйчүүд өмчийн эрхтэй байх тусам эрчүүдийг дээдлэх уламжлалт үзлээс ангижирч, жендэрийн мэдрэмж буюу хүний эрхийн мэдлэгтэй болдог гэнэ.

Өчигдөр Март-аар эрчүүд маань эмэгтэйчүүдээ сайхан л баярлууллаа. Тиймээс ирэх Март хүртэлх 364 хоногт эрхээ нэхье, эмэгтэйчүүдээ. Эмэгтэйчүүд мэдээж хайрлуулах гэж төрсөн. Ер нь ганц эмэгтэй хүн биш, эрчүүд ч хайрлуулах эрхтэй. Гэхдээ эхлээд ойлгох хэрэгтэй. Ялангуяа жендэрийн тэгш байдал буюу эмэгтэйчүүдийн нийгэм,төрийн үйл хэрэгт оролцох оролцооны чухлыг улс төр, төр, нийгмийн бүх шатны эрчүүд нь эхлээд ойлгоорой. Эрхээ нэхэх эмэгтэйчүүдээ, эхлээд өөрсдийгөө ойлгуулья, эрчүүддээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ