Оросын цэргүүд Украин дахь Европын хамгийн том атомын цахилгаан станцыг эзлэн авлаа

Оросын цэргүүд Украины Запорожье дахь Европ тивийн хамгийн том атомын цахилгаан станцыг эзлэн авсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Эзлэн авахын өмнө талуудын хооронд ширүүн тулаан болж, станцын зарим хэсэг галд автаад байсан. Станцад осол гарвал Европын олон улсыг хамарсан томоохон цөмийн гамшиг үүсэх аюултай байлаа.

Азаар түймэр станцын сургалтын байранд гарч, гал сөнөөгчид унтрааж чадсан тухай сүүлд Украины эрх баригчид мэдээлжээ. АНУ-ын Эрчим Хүчний сайд Женнифер Грэнхолм станцын ойр орчимд цацраг идэвхийн түвшин дээшилсэн шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг мэдээлсэн. Станц Оросын цэргүүдэд эзлэгдсэн ч хэвийн ажиллагааг нь мэргэжилтнүүд хянаж байгаа тухай Украины орон нутгийн удирдлагууд фэйсбүүкээр мэдээллээ.

“Европчуудаа сэрцгээ. Оросын цэргүүд Украин дахь атомын цахилгаан станц руу буудаж байгааг улс төрчдөдөө хэлцгээ!” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнөөдөр хийсэн видео мэдэгдэлдээ уриалсан байна.

Украин, Оросын зэвсэгт хүчнүүдийн хооронд тулаан улам эрчимжиж, энгийн иргэдийн амь нас олноор үрэгдэж байгаа тухай мэдээ ирсээр байгаа.

Сүүлийн байдлаар Украинаас нэг сая гаруй хүн хөрш зэргэлдээ улсууд руу дүрвээд байна. Оросын цэргүүд 1986 онд осолдож байсан Чернобылийн атомын цахилгаан станцын байгууламжийг өнгөрсөн долоо хоногт эзлэн авсан юм. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Запорожье дахь станц нь Чернобылийнхээс өөр төрлийн, аюул багатайд тооцогддог байна.

Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг цахилгаан станцуудын орчимд өрнөж буй байлдааны ажиллагаанд маш их санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Дайн эхэлснээс хойш Оросын цэргүүд Украины том хотуудаас зөвхөн Хар тэнгисийн боомт Херсон хотыг эзлээд байна. Харин бусад хотуудыг эзлэхээр шаргуу довтолж байгаа юм.

Тухайлбал Азовын тэнгисийн хамгийн том боомт Мариуполь хотыг Оросын цэргийн хүч бүслээд ширүүн бөмбөгдөж байна. Тус хотын эрчим хүч, усан хангамж тасалдаж, шархадсан хүмүүсээ нүүлгэх боломжгүй байгааг албаныхан мэдээлж байгаа.

Зүүн хойд бүсийн Харьков хот эзлэн түрэмгийлэл эхэлсэн эхний өдрөөс хойш бүслэлтэд байна. Нийслэл Киев хотын орчимд мөн Орос, Украины зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн хооронд ширүүн тулаан болж байгаа юм. АНУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр Оросын цэрэг Киев хотын төвөөс 25 км зайд тулж ирээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ