Цагаар сарын битүүний өдөр хийхгүй байвал зохих 11 зан зүйл

Монголчууд эрт дээр үеэс нааш хүндэтгэн дээдлэх ёс болон цээрлэх ёсыг дагаж ирсэн түмэн. Энэ удаа Цагаан сарын битүүний өдрийн цээрлэх ёсноос хүргэж байна. 

-Битүүний өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Жилийн хамгийн сүүлчийн өдөр орон гэртээ байх нь хишиг буянаа тогтоох, элдэв гай барцад тохиолдохоос сэрэмжлэн буй гэнэ. Мөн битүүнд хэсүүчилсэн хүн шинэ онд тэнүүчлэнэ гэнэ.

-Битүүний өдөр амандаа юм зажлаад гадаа гарахыг цээрлэнэ. Эс хэрэгсвээс чөтгөр ам долоож, яр шарх гарна гэнэ. Ер хүйтний улиралд ам тостой нойтон байхад гадаа гарваас хомхой долооно хэмээн цээрлэдэг бөлгөө.

-Битүүний өдөр нохой жанчих, зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ жилд гай гамшиг тохиолдоно гэнэ.

-Битүүний шөнө айлд хоновол сүнс төөрнө гэхийн учир цээрлэнэ.

-Битүүний шөнө гэр оронд харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ, Чөтгөр хорлоно, эзлэнэ гэхийн учир цээрлэдэг болой.

-Битүүний шөнө өлөн зэлмэн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жил тойрон өлсөхийн ёр гэхийн учир заавал цадтал иднэ.

-Битүүнд хэл ам хийх, өндөр дуугаар бархирах, хашгирахыг цээрлэнэ. Эс дагаваас ирэх жилд хэрүүл тасрахгүй, айл гэр амар тайван бус болно гэнэ.

-Битүүний шөнө газарт ус, угаадас асгахыг цээрлэнэ. Эс тэвчвээс яр шарх биед гарна гэнэ.

-Битүүний шөнө гэрийн гадаа хоосон сав байлгахыг цээрлэнэ. Заавал дотор нь юм хийж тавьдаг нь хишиг буянд өлзийтэй гэнэ.

-Битүүний шөнө гэрийн гадна дотроос ярилцах, дуудахыг цээрлэнэ. Учир нь хүн үхсэн айлынхан гэрийн гадна дотроос ярилцдаг бөлгөө.

-Битүүний шөнө мал чанга майлах янцгаахыг муу ёр удлаа хэмээн цээрлэнэ. Майлуулж. янцгаалахгүйн тул малаа сайн цатгавал чанга дуун үл гаргана.

Эх сурвалж: Х.НЯМБУУ,  Ц.НАЦАГДОРЖ МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛЬ Улаанбаатар 1993

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ